Оюу Толгой төслийн Байгаль орчны хэлтэс Монголын шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

-Байгаль орчны хэлтсийн нийт 46 ажилчны 45 нь монголчууд-

Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэс нийтдээ 46 хүний бүрэлдэхүүнтэйгээс 45 нь монгол мэргэжилтнүүд бөгөөд харьцангуй залуу, өндөр боловсролтой, туршлагатай, чадварлаг боловсон хүчнүүд юм. Тэднээс Оюу Толгой төслийн талбайд буюу орон нутагт 36, Улаанбаатар дахь оффист хэлтсийн даргаас гадна есөн мэргэжилтэн ажиллаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус хэлтсийнхэн харьцангуй олон мэргэжилтэнтэй бөгөөд тус бүртээ байгаль орчны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн гэдгээрээ Монголдоо тэргүүлэх баг гэж үнэлэгддэг. Судалгааны ажлуудыг ихэвчлэн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсээр ирсэн, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, компанийнхаа нэр хүндийг эхлээд Монгол Улсынхаа, дараа нь дэлхийн тавцанд гаргахын төлөө ажиллана гэдэг итгэлтэйгээр тус хэлтсийнхэн ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой төслийн ашиглалтын үед нийт ажиллах хүчний 90-ээс дээш хувийг монголчууд бүрдүүлж ажиллахын нэг тод жишээг Байгаль орчны хэлтсийн багийн одоогийн бүрэлдэхүүнээс харж болно. Мөн үүнээс гадна удирдах албан тушаалд монгол ажилчдын тоо нэмэгдэж байгаад туйлын баяртай байна” гэсэн юм.

Хэлтэс нь байгаль орчны хуулийн хэрэгжилт, удирдлагын тогтолцоо, усны асуудал, байгаль орчны мониторинг болон газрын асуудал, сургалт, химийн бодис болон хог хаягдал, биологийн төрөл зүйлийн судалгаа хариуцсан гэхчлэн долоон багт хуваагдан ажилладаг юм. Эндээс Оюу Толгой ХХК төслийн үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэн Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчныг хамгаалах ажлыг судалгаа шинжилгээн дээр үндэслэн, хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэн хийдгийг харж болно.

Байгаль орчны хэлтэс 2003 оноос эхлэн төслийн байгаль орчны суурь судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг цогцоор нь хийж эхэлсэн бөгөөд төслийн цар хүрээ, урьдчилсан ТЭЗҮ-ийн төлөвлөлтөөс хамаарч үнэлгээний тайлангуудаа үе шаттайгаар одоог хүртэл хийж байгаа юм. Одоогоор нийтдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үндсэн болон нэмэлт 23 тайлан болон бусад холбогдох судалгаа шинжилгээний тайланг гаргаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн