Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосны 15 жилийн ойг анхны геологчид тэмдэглэн өнгөрүүллээ
Монгол улс, Улаанбаатар (ot.mn)– Оюу Толгойн хамт олон Өмнөговь аймагт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг геологийн багт анхлан олгосны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Хайгуулын ажлын эхний үе шатнаас эхлээд Оюу Толгой дээр олон улсын хамтын ажиллагаа эрчимтэй явагдсан юм. Доор дурдсан үйл явдлууд Оюу Толгойн түүхэнд тод томруун бичигддэг:
- 1994 – Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Магма Коппер компанид Монгол улсад хамтарсан үйл ажиллагаа явуулахад зориулан хөрөнгө оруулалт хийх саналыг нягтлан үзэх хүсэлт гаргав.
- 1995 оны 5 дугаар сар– Магма Коппер компани Эрдэнэт үйлдвэртэй хамтран хайгуулын үйл ажиллагаа явуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
- 1996 оны 9 дүгээр сарын 17– Говийн бүс нутагт хийсэн цуврал хайгуулын ажлын дараагаар, хөдөө ажиллаж байсан геологийн анги (Деннис Кокс, Д.Гарамжав, Т.Мөнхбат нар) Оюу Толгой дээр хүчтэй угаагдаж, хувиралд орсон бүсийг олсон байна. Улмаар зэргэлдээх газруудад нэмэлт хайгуул хийснээр (Төв болон Өмнөд Оюу) Оюу Толгойн гол ордыг олж илрүүлэв.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан анхны геологичид болон Оюу Толгойн ажилчдын оролцсон цомхон хүлээн авалтыг зохион байгуулжээ.
“Төслийн эхний үе шатнаас эхлээд өнөөг хүртэлх энэхүү урт аяны хугацаанд олон хүн өөрийн хувь нэмрээ оруулсан” хэмээн Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй цохон тэмдэглэжээ. “Өнөөгийн энэ үед хүрэхийн тул 15 жилийн шургуу хөдөлмөр, олон тэрбум долларыг зарцуулсан учраас энэхүү төслийг анхлан манлайлсан геологчдийн нөр их хөдөлмөрийг үнэлэхгүй орхиж болохгүй” хэмээн тэрээр нэмж дурдсан байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монгол улс дахь хамгийн том алт-зэсийн төслийг хэрэгжүүлж буй уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар (хувьцааны 34%), Айвенхоу Майнз (66%) болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд ажиллаж буй юм. Рио Тинто нь Айвенхоу Майнз компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд Оюу Толгойн төслийг удирдан явуулдаг. Оюу Толгойн хувьцааны 34%-ийн ноогдол ашгаас гадна Монгол улсын Засгийн газар нь татвар болон ашигт малтмалын нөөцийн төлбөрийг мөн авах юм.
Монголын өмнөд хэсэгт Говийн бүс нутагт орших Оюу Толгой нь дэлхийн хамгийн том, өндөр зэрэглэлийн зэс, алтны уурхайн нэг болох юм. Тус төсөл нь Монгол улсад хэрэгжиж буй, нэгдүгээр шатандаа 6 тэрбум гаруй ам долларын хөрөнгө оруулалт шаардсан хамгийн том төсөл билээ.
Оюу Толгой ХХК нь Монгол улсын тогтвортой ирээдүйд өөрийн хувь нэмрийг оруулах эрхэм зорилготой билээ. Үйлдвэрлэл эхлэхэд 10 ажилтан бүрийн 9 нь Монголчууд байхын зэрэгцээ Оюу Толгой нь 58 сая ам долларын (78 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалтыг сургалт, боловсролын чиглэлд оруулж, нэмэлт 27 сая ам долларыг (36 тэрбум төгрөг) Монгол улс дахь ур чадварын хомсдлыг нөхөхөд зориулсан Ажил эрхлэлтийн хөтөлбөрт зарцуулж байна.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, байгаль орчны удирдлагын тэргүүлэх туршлагыг ашиглаж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, төслийн бүх оролцогч талууд, Монгол улсын ард иргэдийн сайн сайхны төлөө чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг.
Оюу Толгойн Фейсбүүк хаяг Твиттер хаяг -аар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү