Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн өндөр үзүүлэлт, 36 сая ам.долларын татвар хураамж, 59 сая ам.долларын дотоодын худалдан авалт
“Оюу толгой” ХХК шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.
2016 оны 1 дүгээр улиралд “Оюу толгой” ХХК аюулгүй ажиллагааны хувьд онцгой сайн байж, ноцтой гэмтэл, бэртэлгүй ажиллалаа. Тайлант хугацааны 91 хоногийн 88 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. Гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.21 байгаа нь Рио Тинто болон дэлхийн ижил төстэй уул уурхайн компаниудын хэмжээнд хамгийн бага гэмтэл, бэртэл тохиолддог, аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэгт тооцогдох үзүүлэлт юм.
Нэг тонн хүдэр боловсруулахад 0.477 шоо метр ус ашигласан нь ижил төстэй уурхайд дунджаар 1.2 шоо метр ус ашиглаж буй үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй багабөгөөд ус дахин ашиглалтын түвшин 84.5 хувь байв.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Манай хамт олон 2016 оны эхний улиралд амжилттай ажиллаж, дэлхийд өрсөлдөхүйц, аюулгүй зэсийн уурхайг барьж байгуулж буйн нэг томоохон илрэл нь энэхүү Тойм мэдээ юм. Бид Рио Тинто болон дэлхийн ижил төстэй уул уурхайн компаниудын хэмжээнд аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр хошуучилж буйгаараа бахархаж байна. Салбарын хэмжээнд тулгарсан зах зээлийн хүнд хэцүү цаг үед “Оюу толгой”-н ажилтан, ажиллагсад бүтээмжээ дорвитой нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн нэгж, хэсэг бүрт ашигт ажиллагааг жигд сайжруулж буй нь чухал юм” гэж онцлон тэмдэглэлээ.
Тус компани 2016 оны 1 дүгээр улиралд 36 сая ам.доллар буюу 73.7 тэрбум төгрөгийн татвар*, хураамж, бусад төлбөр төлж, үндэсний худалдан авалтад 59 сая ам.доллар буюу 120 тэрбум төгрөг, үүнээс 11 сая ам.доллар буюу 22.5 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад зарцууллаа. Боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд 130,000 гаруй ам.доллар буюу 266 сая төгрөг, орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд 1.5 сая ам.доллар буюу гурван тэрбум гаруй төгрөгзарцуулаад байна.
“Оюу толгой” компани, Өмнөговь аймаг, холбогдох сумд Хамтын ажиллагааны гэрээний нэг жилийн ойг 2016 оны 4 дүгээр сард Даланзадгад сумын хоёр цэцэрлэгийн нээлт, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн төгсөлтийн ёслолтой хамтатган тэмдэглэлээ. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд “Оюу толгой” компанийн Монгол Улс, тэр дундаа Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ тууштай оруулах эрмэлзэл тусгалаа олсон юм.
Олон нийтэд тогтмол хугацаанд мэдээлэл өгөх зорилгоор монгол ажиллагсдын хувь хэмжээ, ханган нийлүүлэгчдэд зарцуулсан мөнгөн дүн, төрийн болон орон нутгийн төсөвт байгууллагуудад төвлөрүүлсэн татвар, хураамж, төлбөрүүд зэрэг үйл ажиллагааны шууд нөлөөллийн үзүүлэлтийг уг тайланд орууллаа. Мөн үйлдвэрлэлд ашиглаж буй усны зохистой хэрэглээ, нийгэм, боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалт, “Оюу толгой” төслийн хүрээнд хийсэн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг мэдээллийг уг тайлангаас үзэж болно. “Оюу толгой”-н Тойм мэдээг эндээс үзнэ үү.
- Ханш: 1 ам.доллар = 2046.35 төгрөг (Эх сурвалж: Монгол Банкны 2016 оны 3 дугаар сарын тайлан)
Leave a Reply
You must be logged in to post a comment.