Оюу Толгой нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч компаниар шалгарлаа

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

"Алтан Элс 2011" ёслолын арга хэмжээний үеэр Оюу Толгой компанийн орон нутгийн бизнесийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж шагнал гардуулав

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болсон “ Алтан Элс-2011” ёслолын арга хэмжээний үеэр Өмнийн Говьд алт зэсийн уурхайг барьж байгуулж буй Оюу Толгой компани “ Орон нутгийн бизнесийг дэмжигч шилдэг уул уурхайн компани” шагналыг авлаа.

Өмнөговийн Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх Захирал Ж.Тууль “Би энэ шагналыг Оюу Толгой компанид гардуулан өгч байгаадаа их баяртай байна. Оюу Толгой бол нийгмийн хариуцлагыг маш сайн биелүүлдэг компани бөгөөд орон нутгийн бизнес, аж ахуйн нэгжүүдийг хамгийн их дэмждэг” гэв.

“Алтан Элс” ёслолын арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Өмнөговийн Бизнесийн Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, Монголын Бизнес Эрхлэгч, Ажил Хэрэгч Эмэгтэйчүүдийн Холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг бөгөөд нэр хүндтэй томоохон арга хэмжээ юм.

2011 онд гурван ажилтнаас арван нэгэн ажилтантай болж өргөжсөн Оюу Толгой компанийн Орон нутгийн хангамжийн багийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Оюу Толгой компани энэ шагналыг авсан билээ. Энэ багийн хүчин чармайлтаар Өмнөговь аймгийн 34 ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 2011 онд Оюу Толгой компани 417 сая төгрөгийн бичил зээлийг олгож, 2,471,980,529 төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авсан байна.

Энэ багийн хамгийн том ажил бол 2011 оны 5-р сард Даланзадгад хотод Бизнес хөгжлийн төвийг нээсэн явдал юм. Энэ төв нээгдсэнээс хойш, зургаан мянга гаруй хүн тус төвөөр үйлчлүүлсэн байна.

Дээрх үйл ажиллагаа нь Оюу Толгой компанийн “Монголчуудад давуу эрх олгох санаачилга” хөтөлбөрийн зорилготой бүрэн нийцэж байгаа юм. Энэ хөтөлбөр ихээхэн амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монголын аж ахуйн нэгж, компаниуд Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа дэд бүтцийн томоохон 12 төслөөс тавыг нь хариуцан хэрэгжүүлж байна. Мөн Оюу Толгой компанийн ханган нийлүүлэгчдийн бүртгэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй Монголын ханган нийлүүлэгчид байдаг билээ.

Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей хэлэхдээ “ Энэ шагнал бол манай Орон нутгийн хангамжийн багийн хүчин зүтгэлийг үнэлж буй хэрэг юм. Тус багийн хамт олон 2011 онд хамтран ажилласан бүх хүмүүстээ, ялангуяа манай орон нутгийн ханган нийлүүлэгчиддээ энэхүү амжилтаа зориулж байгаа” гэж онцлон тэмдэглэв.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн