Камерон МакРей – Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал:
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Та бүхэнтэй өнөөдөр ярилцах боломж олдсонд талархаж байна. Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Рио Тинто компанийн тус улсыг хариуцсан захирлын хувьд энэхүү чухал ач холбогдолтой чуулганыг Оюу Толгой, Рио Тинто компаниуд ивээн тэтгэгчээр оролцож байгаад баяртай байна. Мөн саяханаас Монгол улсыг өөрийн оршин суугаа эх орон гэж үзэх болсон над шиг хүний хувьд энэ чуулган нь олон улсын анхаарлыг их татаж, дэлхийн олон орноос оролцож байгааг харахад таатай байна.
Өнөөдөр би Монгол улсын хөгжил дэвшилд Оюу Толгой, Рио Тинто компаниуд ямар үүрэг гүйцэтгэж байгааг танилцуулахболно. Илтгэлээ юуны өмнө эрэлт хэрхэн өсч байгаа болон Монгол Улс, ялангуяа Оюу Толгой энэ өсөлтөд ямар байр суурь эзлэх талаар товч тайлбарлан эхлүүлэхийг хүсч байна.
Дунд болон урт хугацаанд зэсийн эрэлт дэлхийн зах зээл дээр нэмэгдэх төлөвтэй байна. Эрэлтийн энэхүү өсөлтийг Хятадын улсын хэрэглээ тодорхойлж байна. Хятадын улсын хотжих үйл явц цаашид ч эрчимжиж зэс ихээр шаардагдах дэд бүтцийн хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэх болно.
2024 он гэхэд Хятадын улс зэсийн хэрэглээгээрээ дэлхийн зах зээлийн 50 гаруй хувийг эзэлж, өнөөдрийн хэрэглээний түвшнээс даруй 10 сая гаруй тонноор нэмэгдэх төлөвтэй байна.
Хятадын зэсийн хэрэглээний хувьд одоогийн байдлаар хамгийн том эцсийн хэрэглээ нь цахилгаан хэрэгсэл/дэд бүтэц, кабель утасны хэрэглээ болж байгаа бөгөөд энэ нь нийт хэрэглээний 59 хувийг эзэлж байгаа юм.
Хятад улсын нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ нь ОУХАХБ-ын дунджаар тооцвол зөвхөн 35 хувь байгаа боловч эрчим хүчний дэлхийн хамгийн том хэрэглэгч улс болоод байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ хэрэглээ 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа нь зэсийг эрэлтийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл болно гэж үзэж байна.
Эрэлтийг тодорхойлогч хамгийн том улс болох Хятадтай ойр дөт байрлаж байгаа бидний хувьд хоёр улсын аль алинд нь ашигтай, бат бөх, тэнцвэртэй худалдааны харилцаа тогтоож, амжилтанд хүргэх давуу талтай юм.
Зэсийн эрэлт зөвхөн Хятад улсад дэлхийн төдийгүй бусад улс орнуудад тухайлбал Энэтхэгулс зэрэг орнуудад улам бүр өсч байгаа боловч энэхүү өсөлтийг одоогийн олборлолт хангаж чадахгүй болоод байна.
Энэ нь шинэ нөөцүүд илэрсэн улс орнууд,болон бүс нутагт ч хөгжлийн боломж бий болж байна гэсэн үг. Томоохон нийлүүлэгч орнуудад Мексик, Ардчилсан Конго, Замби, Казакстан, ОХУ, БНХАУ, мэдээж Монгол улс орж байна.
Азид хэрэгжих төслүүдийн хувьд хамгийн том нь Оюу Толгой уурхай болох бөгөөд 2019 он гэхэд үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Азийн уул уурхайн нийт үйлдвэрлэлийн 24 хувийг эзлэх болно.Зэсийн нийлүүлэлтийн талаас нь авч үзвэл Оюу Толгой нь стратегийн ач холбогдолтой.
Оюу Толгой нь үнэт баялаг юм. Энэ нь зөвхөн үндэсний үнэт баялаг төдийгүй дэлхийнхамгийн том зэс, алтны төсөл бөгөөд 2018 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дэлхийн хамгийн том таван зэс үйлдвэрлэгчийн нэг, хамгийн том алт үйлдвэрлэгчдийн нэг нь болох юм.
Бидний тооцоолж байгаагаар бол 2013 онд 179,000 тн зэс, 2019 онд зэсийн баяжмалын өргөтгөлийг ашиглалтад оруулсны дараа буюу 2019 онд зэсийн үйлдвэрлэл 467,000 тн болж нэмэгдэнэ. Үүнийг та бүхэнд илүү ойлгомжтойгоор тайлбарлавал энэ нь одоогийн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн үйлдвэрлэлээс даруй 4 дахин их хэмжээний зэс үйлдвэрлэнэ гэсэн үг. Түүнчлэн эхний арван жилийн үйлдвэрлэлийн дунджаар тооцвол бид 330 мянган унци алт, 2.9 сая унци мөнгө үйлдвэрлэх тооцоо гарч байна.
3.1 тэрбум тонн геологийн, 1.4 тэр бум тонн батлагдсан нөөцтэй Оюу Толгой уурхайг дор хаяж 50 жил ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд нөөц илрэх боломжтой бүсэд байрлаж байгаа тул хайгуулын үр дүнд ч нэмэлт нөөц илэрнэ гэж үзэж байна.
Хамгийн гол нь Оюу Толгой компани нь дэлхийн аравт багтах зардал багатай үйлдвэрлэгч болох учраас дэлхийн зах зээлийн үнэ төсөөлж байснаас ч унах үед ч ашигтай ажиллах боломжтой.Оюу Толгой компанийн хувьцаа эзэмшигчид, удирдлага нь Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз юм.
Рио Тинто нь Оюу Толгойн бүтээн байгуулалтын санхүүжилт, удирдлага менежментэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд уурхайг хугацаанд нь ашиглалтад оруулж ажиллуулахын төлөө шаргуу хөдөлмөрлөж буй тус улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байна.
Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал нүүрлэж, Оюу Толгойн бүтээн байгуулалтын эрсдэл өндөртэй эхний үе шат тохиож байсан ч сүүлийн 5 жилд Рио Тинто 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт/санхүүжилт хийгээд байна.
Энэхүү хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаа бөгөөд энэ нь тус улс болон бүх хувьцаа эзэмшигчдэд асар их үнэ цэнийг бий болгож байгаа юм.Зөвхөн энэ 8 дугаар сард гэхэд Оюу Толгойн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор Айвенхоу Майнз нь өөрийн эзэмшлийн хувиа 48.5 хувьд хүргэлээ.
Оюу Толгойн хувьцаа эзэмшигчид ч мөн уул уурхайн салбарын урьд өмнө нь байгаагүй хамгийн том энэхүү төслийн санхүүжилтэд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ хугацаанд Рио Тинто нь шууд бус санхүүжилтээр хийх замаар санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байна.
Рио Тинто Оюу Толгойн удирдлагыг 2010 оны 12 дугаар сард албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Бидний алсын зорилго бол Оюу Толгойг зөвхөн Азид төдийгүй олон улсын хэмжээнд хамгийн шилдэг уурхай болгох явдал юм. Энэ амжилт нь бүх Монголчуудын бахархал болж, улмаар Монгол улсыг уул уурхайн салбарын мэдлэг, ур чадвар, үйлчилгээний гол цөм/төв болгох болно.
Рио Тинто нь Оюу Толгойдэрүүл мэнд, аюулгүй байдлын стандартын шаардлагаас эхлээд тогтвортой хөгжлийн зорилт, үйл ажиллагааны шилдэг арга барил, шаардлагыг хангахад олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж байна.
Эдгээр нь Рио Тинтогийн 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, олж хуримтлуулсан олон улсын туршлага бөгөөд эдгээрийг Оюу Толгойд нэвтрүүлж, Монгол ажилтнуудаа сургаж байна.
Түүнчлэн Рио Тинто нь Монгол улсад шинэ технологи, тухайлбал блокчлон олборлох технологийг нэвтрүүлж, Оюу Толгойн ордын далд уурхайг үр дүнтэй ашиглах боломжтой болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Одоогоор энэ технологийг дэлхий нийтийн хэмжээнд зөвхөн 10 уурхай, үүний дотор Рио Тинтогийн эзэмшлийн болон удирдаж буй 3 уурхайд ашиглаж байна. Бид инновацийн энэхүү процессыг манай компанийн монгол ажилтнууд бүрэн дүүрэн ойлгох явдлыг баталгаажуулж, монгол инженерүүдийн хойч үеийнхэнд энэ ур чадварыг өвлүүлж үлдээхийн төлөө ажиллах болно. Бид зөвхөн инженерүүдийг төдийгүй нягтлан бодогчид, менежер, байгаль орчны ажилтнууд болон бусад ажилтнуудаа Монголын нийгэмд хэрэгтэй, хөрвөх чадвартай, мэргэжил, ур чадварт сургахын төлөө ажиллаж байна. Оюу Толгойд бий болох нэг ажлын байрны ард 4 ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байна.
Монгол улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байна. Гэхдээ энэ итгэл нь хууль эрх зүйн тогтвортой байдлыг шаарддаг. 2009 онд Оюу Толгойн гэрээнд гарын үсэг зурснаар Монголыг эдийн засаг/бизнесийн нээлттэй, тогтвортой улс болохыг зорьж байгааг дэлхий нийтэд тодорхой харуулсан юм. Энэ ч бодитоор биелэгдэж байна.
Дээрх гэрээ болон тогтвортой байдлыг хангах Монгол Улсын амлалтад итгэсний үндсэн дээр Рио Тинто хөрөнгө оруулах шийдвэрээ гаргасан билээ. Баяжмалын эхний ачилтаас өмнө 7 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байсныг та бүхэн санаж байгаа байхаа.
Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын тухайд тийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, уул уурхайн хамгийн том төслийг санхүүжүүлэхэд итгэлтэй байхын тулд Хөрөнгө оруулалтын гэрээ хийх зайлшгүй шаардлагатай байсан юм. Эдгээрийн үр дүннь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой болж, дэлхийн түвшний төслүүдийг, тухайлбал ТаванТолгойн IPO гаргах, дэд бүтэц болон аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэх сайхан боломж бүрдэж байна. Эдийн засаг бодитойгоор өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ажлын байр ч нэмэгдэх боломжтой болж байна.
Гэхдээ Монгол Улсын эдгээр зорилт, гэрээнүүдийг өөрчлөхийг зорьж буй хэсэг бүлэг хүний алхам нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах эрсдэлтэй юм. Эдгээр хүмүүс ажлын байртай болсон олон Монголчууд, үндэсний бизнес эрхлэгчдэд тулгарах эрсдэлд хариулт өгөх ёстой гэж үзэж байна.
Монгол Улс ийм байдал үүсэхгүй бөгөөд тогтвортой байдал, хуульт ёс дээдлэгдэж, урт удаан хүлээсэн эдийн засгийн амлалт бодитойгоор биелэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Хөрөнгө Оруулалтын Гэрээ нь улсын төсвийн орлогыг ихээхэн нэмэгдүүлж эхэллээ.
- 2011 онд Оюу Толгой дангаараа татвар хэлбэрээр улсын төсөвт 220 сая гаруй ам.долларын орлого оруулна.
- 2012 оны сүүлчээр зэсийн баяжмалыг гаргаж эхлэхээс өмнө Оюу Толгойн урьдчилгаа төлбөр болон татварын орлого хэлбэрээр 700 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар хүлээн авна.
Хөрөнгө Оруулалтын Гэрээнь шууд болон дам байдлаар олон ажлын байраар Монголчуудыг хангаж байна.
- Одоогийн байдлаар бид бүтээн байгуулалтын оргил шатандаа явж байгаа бөгөөд нийтдээ 14,000 ажилчин, гэрээлэн гүйцэтгэгч ажиллаж байгаагийн 60 гаруй хувь нь Монголчууд байна.
- Сүүлийн 18 сард Оюу Толгойд 2.5 тэрбум ам.доллар зарцуулаад байгаагийн 700 гаруй сая ам.доллар нь Монгол улсын 1,000 гаруй ханган нийлүүлэгчдэд ногдож байна.
- Өмнөговьд Оюу Толгойн бүтээн байгуулалтын 5 том төслийг 100 хувь монголын гэрээлэн гүйцэтгэгчид хэрэгжүүлж байна.
Хөрөнгө Оруулалтын Гэрээний хүрээнд шинэ боломж бололцоог бүрдүүлэх техникийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор Монголчуудыг сургалтад хамруулж байна.
- Сүүлийн 5 жилд Оюу Толгойнь боловсрол, сургалтанд зориулж 85 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ.
- Монгол улсад өмнө нь байгаагүй мэргэжлийн сургалтын хамгийн том хөтөлбөрийг бий болгож санхүүжүүллээ; бид ажил мэргэжлийн сургалтын 3 төвийг шинээр нээж, тус улсын мэргэжлийн сургалтын 4 төв, коллежүүдийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.
- Оюу Толгойнь уул уурхайн сургалтын хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа бөгөөд эхний жилд гэхэд уул уурхайн 200 техникч төгсөөд бхйгх. Ирэх жилд шинээр 150 хүнийг сургахаар төлөвлөж байна.
Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд эдийн засагт өргөн хүрээнд нөлөөлөхүйц олон төрлийн үр өгөөж шууд бус байдлаар бий болж байна.
Та бүхэн эдийн засгийн өсөлт эрчимжиж буйг хол аялахгүйгээр Улаанбаатараас харж болно. Олон хүн гадуур хооллох болжээ, худалдаа наймаа, үйлдвэрлэл өргөжиж, бүтээн байгуулалт илүү их цар хүрээтэйгээр өрнөж байна.
Эдгээрийн дийлэнх нь Оюу Толгойн хөрөнгө оруулалттай дам байдлаар холбогдож байгаа болов уу. Хөрөнгө оруулалтын гэрээ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг шууд бус байдлаар нэмэгдүүлж, Монгол улсад орж ирэх долларын урсгалыг нэмэгдүүлж өсөлтийг эрчимжүүлэх боломж олгож байна.
Урт хугацааны хандлагыг ажиглавал Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллах эхлэх хүртэл буюу дараагийн 10 жилд Монгол улсын эдийн засаг жилд 10 гаруй хувиар өснө гэж бид үзэж байгаа бөгөөд 2020 он гэхэд тус улсын эдийн засгийн цар хэмжээ 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Жилийн энэ өсөлтийн 50 орчим хувийг Оюу Толгойдангаараа хангана гэж тооцоолж байна.РиоТинто нь Оюу Толгойн амжилтад дэмжлэг үзүүлэхийг зорьж ажиллах болно. Цаашид уул уурхайн бусад хөрөнгө оруулалтыг Монгол Улс санал болгоно гэдэгт итгэлтэй байна.
Бид Монгол улсад хэдэн арван жил идэвхтэй үйл ажиллагаа явуулахаад төлөвлөж байна.
Монгол улсад ажиллах урт хугацааны зорилтын хүрээнд бид тус улсын нийгмийн хөгжилд ч хувь нэмэр оруулах болно.
Одоогийн явуулж буй үйл ажиллагаагаа тоймловол:
- РиоТинто нь уурхайн талбай орчмын төдийгүй Өмнөговийн эко-бүсийн биологийн төрөл зүйлийн гүнзгийрүүлсэн үнэлгээг хийж ажилд дэмжлэг үзүүлж байна.
- АНУ-д 9 дүгээр сарын 16-ны өдөр зохиогдох Project CURE арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээгээр 2 сая гаруй ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монгол улсад авчрах хөрөнгө босгохыг зорьж байна.
- РиоТинто нь дэлхийн бусад улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй тус компанийн бусад уурхайд ажиллуулах, сургалтад хамруулах замаар өндөр ур чадвартай монголчуудыг бэлтгэж байна. 2012-2013 онд дахин 50 төгсөгчийг санал болгохоор төлөвлөж байна.
- Бид Монголын Үндэсний Олимпын хорооны анхны алтан спонсор/ивээн тэтгэгч байгууллага боллоо. Түүнчлэн бид Лондонгийн Олимп болон Паралимпын наадмын 4,700 алт, мөнгө, хүрэл медалийг үйлдвэрлэхэд шаардагдах металлыг нийлүүлэх албан ёсны нийлүүлэгч болсон. Эдгээр металлын заримыг нь Оюу Толгой үйлдвэрлэх юм; 2012 оны Олимпийн наадмын медалиудыг үйлдвэрлэхэд ашиглах металлыг Монгол улсад олборлож үйлдвэрлэхээр болж байгаад үнэхээр баярлаж байна. Эдгээр медалийн заримыг нь Монголчууд зүүж байхыг харахад гайхалтай сайхан биш гэж үү.
Эцэс нь хэлэхэд, ОТ-н бүтээн байгуулалт, хөгжил нь Монгол улсад одоо ч, цаашид ч онцгой хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээ нь тус улсын эдийн засгийн одоогийн өсөлтийн гол хүчин зүйл болж байгаа бөгөөд цаашид ч Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх болно.
РиоТинто нь өөрийн түнш Монгол Улсын Засгийн газартай хамтран Оюу Толгойг бүхий л талаас нь дэлхийн түвшний болгож, Монгол улсыг уул уурхайн хамгийн шилдэг төв болгоход бодитой хувь нэмэр оруулна.
Хэрэв бид хамтдаа ажиллаж чадвал Оюу Толгой нь Монгол улсын эдийн засагт, Монголын иргэдэд, хөрөнгө оруулагчдадаа үр өгөөжөө өгч амжилтанд хүргэх болно.
Хариулт үлдээнэ үү