Оюу Толгой Монголын хөгжилд юу авчрах вэ?

Оюу Толгой төслийн Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй болон үзүүлэх нөлөөний талаарх судалгаанд үндэслэн олон улсын сэтгүүлч Брижет Сторригийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Улаанбаатар хотын өмнөд хэсэгт орших Ерөнхийлөгчийн өргөөнөөс хотын төв хүртэл ердөө зургаан км. Энэ зам саяхан шинэчлэгдсэн Маршалын гүүрээр дайрч, тансаг зэрэглэлийн Маршал хотхон, Олон улсын сургуулийн өргөтгөл барих гэж байгаа газрын хажуугаар өнгөрнө. Төмөр замын гарам гатлангуут Монголын Диснейлэнд болох Хүүхдийн парк зүүн гар талд байх. Хүүхдийн паркийг өнгөрсөн жил шинэчилж, шарилжинд баригдсан уйтгартай талбайг өөрчилжээ. Километр гаруй яваад зам Энхтайвны өргөн чөлөөтэй нийлэх агаад эсрэг талд нь Сүхбаатарын талбайн дэргэд Луи Вуиттоны тансаг дэлгүүр бий.

Зам зуур борооны дараахь мөөг адил сүндэрлэн босч буй орон сууцны барилга дээр ажиллаж байгаа өргөгч цамхгийг тоолбол 50 хол давна. Энэ бол маш хурдтай өөрчлөгдөн хөгжиж буй Улаанбаатар хотын дүр төрх. Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны сүүлээр гарын үсэг зурснаар гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж хот өргөжин хөгжих боломж нэмэгджээ.

Зарим баримтаас дурьдахад, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр модон хаалга болон цонхны үйлдвэрлэл өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш 258, зүссэн банзных 300 хувь нэмэгдсэн бол цементийн үйлдвэрлэл даруй нэг дахин өсчээ. Зөвхөн барилгын ажил нэмэгдээд зогсохгүй, Улаанбаатар хотын зоогийн газруудын нийт орлого өнгөрсөн оны эхэн үеийнхээс 800 хувиар өссөн үзүүлэлт ч байна. Энэ бүх өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийн тухайд шинжээчид бараг эргэлзэхгүй байгаа юм. Австралийн эдийн засагч доктор Брайн Фишер “Энэ үйл явцын үндэс уул уурхай гэдэг нь маш тодорхой” гэж дүгнэв. Юутай ч өсөлт хөгжлийн ийм таатай үйл явц цаашид ч удаан үргэлжлэх нь тодорхой.

Доктор Фишер болон Монголын эдийн засагчид Оюу Толгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн цогц үнэлгээг саяхан хийж дуусчээ. Рио Тинто компанийн захиалгаар энэхүү үнэлгээг хийхдээ эдийн засгийн салбар хоорондын харилцан нөлөөлөл, уялдаа хамаарлыг шинжилдэг ерөнхий тэнцлийн загварыг ашигласан байна. Уг загварчлал нь эдийн засгийн хувьд сонгодог хэлбэрийг агуулж байгаа бөгөөд дүн шинжилгээнд ашигласан мэдээллийн цар хүрээ, нарийвчлал зэрэг нь судалгааг онцгой болгож буй. Ийм өргөн цар хүрээтэй эдийн засгийн загварчлалыг Монголд анх удаа хийсэн нь энэ.

Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр ирэх 10 жилд Монгол Улсын эдийн засаг жилийн 10 хувийн өсөлттэй байна гэдгийг судалгаа харуулжээ. Тодруулбал, 2020 он гэхэд эдийн засаг хоёр дахин өснө гэсэн үг. Цалин хөлсний хэмжээ бодитой өсөхийн зэрэгцээ валютын ханш тогтвортой болно. Доктор Фишерийн үзэж байгаагаар “хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа” болох аж. Ингэхдээ тэрхүү давалгаа хэлбэлзэл төсөөлснөөс ч их байх нь. Дээрх загвараар мөн эдийн засгийн үр өгөөжийг тооцоолжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойгоос төвлөрүүлэх бүх орлогыг хөрөнгө оруулалт болгосноор офшор сан байгуулах бололцоотой юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн Судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Б. Түвшинтөгс доктор Фишерийн хамт загварыг гаргасан бөгөөд офшор сан ийм том болно гэж төсөөлөө ч үгүй гэдгээ хэлжээ.

“Хэдийгээр бид тодорхой төсөөлөлтэй байсан ч баялгийн сан ийм ихээр өсөн нэмэгдэх боломжтойг хараад үнэндээ гайхсан. Хэрэв орлогыг бүгдийг нь офшор болговол баялгийн сан 2040 он гэхэд 31-32 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Оюу Толгой маш их боломжийг авчирч байгаа гэдгийг би мэддэг ч үнэндээ үр дүн түүнээс их байсан” гэж тэрбээр хэлсэн юм.

Доктор Б. Түвшинтөгсийн хувьд чухам энд л судалгааны үнэ цэнэ оршиж буй. “Энэ том төслийг хэрэгжүүлснээр эдийн засаг өснө гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гагцхүү хамгийн гол нь ямар өсөлттэй байх вэ гэсэн асуулт хариу нэхэж байна. Харин одоо бид Оюу Толгой эдийн засагт ямархуу хамааралтайг олж харлаа. Их тодорхой болсон гэж бодож байна” хэмээн тэр онцлов.

Тэгвэл энэ бүхэн Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ? Брайн Фишерийн дүгнэснээр бол дэд бүтцийн салбарын хөгжилд хамгийн их нөлөөлөх бөгөөд Улаанбаатарт өрнөж буй бүтээн байгуулалт үүний нэг илрэл аж. “Уул уурхай эдийн засгийг өөрчилнө. Уурхайнууд руу нислэг үйлддэг болсноор орон нутагт хөгжил авчирна. Зам, төмөр зам бий болж, түүнийг дагаад барилга байгууламж баригдаж, ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг” хэмээн Фишер тодотголоо.

Монголын иргэний нисэхийн үйлчилгээ огцом өсч буйг зөөвөрлөж байгаа зорчигчдын тооноос харж болно. Олон улсын нислэг 38 хувиар нэмэгдсэний зэрэгцээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал дотоодын нислэг 98 хувиар өсчээ. Доктор Фишер Монголын эдийн засаг өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй, баялаг ихтэй Австралийнхтай адил өсч байгаа гэж үздэг. “Өнгөрсөн долоо хоногт Кантас авиа компани Сидней, Пертын хооронд Боинг 747 онгоц нисгэхээр болсноо зарласан. Хүн амыг нь тооцвол үнэндээ гайхмаар шийдвэр шүү” гэж тэрбээр жишээ татсан юм. Гэхдээ ашигт малтмалаар баялаг, хөгжиж буй орон бүр ийм биш гэдгийг Нигер эсвэл Конгын нөхцөл байдал харуулна. Тэдгээр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн хөрвөх чадвар уламжлалт экспортын бүтээгдэхүүнд дарамт болж, импортыг хямдруулдаг. Эдийн засаг нь дотогшоо чиглэсэн буюу импортоос хамааралтай. Үүнийг “Голланд өвчин” хэмээн нэрийддэг бөгөөд Рио Тинто дээрх судалгааг хийх болсон үндсэн шалтгаануудын нэг нь энэ. Өөрөөр хэлбэл, судалгаа хийж, загварыг гаргаснаар Монгол Улсын Засгийн газарт эдийн засгаа удирдах, эрсдэлийг бууруулахад дэмжлэг болох юм. “Оюу Толгой маш том учир “Голланд өвчин”-ий шинж тэмдэг гарах магадлалтай. Гэхдээ ашигт малтмалын ухаантай бодлого явуулбал үүнээс сэргийлж болно” гэж доктор Б. Түвшинтөгс сануулсан. Харин доктор Фишерийн хувьд “ашигт малтмалын хараал” гэх нь буруу нэр томьёо аж. “Газрын гүнд байгаа хөрөнгө яаж хараал болох юм бэ?” гэсэн асуултыг тэрбээр тавиад “Муу бодлоготой байвал л тэр нь хараал болно” хэмээв.

Б. Түвшинтөгс, Фишер зэрэг бие даасан эдийн засагчид Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгөхөөс зайлсхийдэг. Рио Тинто ч ийм зүйл хийдэггүй. “Засгийн газарт юу хийхийг нь бид хэзээ ч заахгүй, тэгэх ч ёсгүй” гэж Оюу Толгой компанийн Бүсийн хөгжил, олон нийтийн харилцааны дэд Ерөнхийлөгч Дэвид Патерсон хэлсэн юм. Тэрбээр “Бид гаргасан загвараа Засгийн газар, эдийн засгийн агентлагууд болон бусад сонирхогч талуудад өгснөөр тэд бодлого боловсруулахдаа ашиглах боломжтой. Ингэснээр Оюу Толгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх боломж нээгдэх юм” гэлээ.

Фишер, Б. Түвшинтөгс болон тэдний багийнхан Монголын эдийн засагчдад загварчлалын сургалт явуулж байгаа. Загварыг Монголын эдийн засагт гарч болох өөрчлөлтийн нөлөөллийг тооцож гаргахад ашиглаж болох агаад Засгийн газар ирээдүйд дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулахад тусламж болох ажээ.

“Оюу Толгой эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ. Гагцхүү мөнгө санхүүгийн сайн бодлого болон орлого зарцуулалтад гол анхаарлаа хандуулах ёстой” хэмээн доктор Б. Түвшинтөгсийн хэлснийг энд дурдууштай. Тэр Монгол Улсын замнаж буй чиглэлийг хадгалахыг хүсч байгаа нэгэн. Түүний хэлснээр гадаадад ажиллаж буй найз нөхөд нь бүгд эх орондоо эргэж ирэх тухай ярьдаг болжээ. Монгол Улсад сайхан амьдрах нөхцөл бүрдэж, боломж нээгдэж эхэллээ гэдгийг тэд олж харсан байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн