-Оюу Толгойн бүтээн байгуулалт, хүрсэн амжилт бүхэн Монголын бизнес эрхлэгчдийн хамтын амжилт юм-
Өмнийн говьд дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлж буй Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК “Монголын жижиг, дунд бизнесийг дэмжигч, хөрөнгө оруулагч байгууллага”-аар шалгарлаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг “Торгоны зам-2012” арга хэмжээний хүрээнд 17 номинациар шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Оюу Толгой компанийг энэхүү хүндтэй шагналын эзнээр тодруулжээ.
Монгол улсын хөгжлийн хөтөч гэгдэж буй Оюу Толгойн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай өрнөж байна. Энэ амжилт бол Оюу Толгой компанитай хамтран ажилладаг 1000 гаруй ханган нийлүүлэгчдийн хичээл зүтгэлийн үр шим юм. Оюу Толгой компани “Монголын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгох” хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсын төдийгүй Өмнөговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, өсч дэвжих боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Тухайлбал, Оюу Толгой ХХК Өмнөговь аймагт дэд бүтцийн 12 том төсөл хэрэгжүүлж буйн бүх гүйцэтгэгч нь үндэсний компаниуд. Мөн тус аймгийн 200 гаруй ханган нийлүүлэгч Оюу Толгой компанид бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ орон нутагтаа шинээр олон ажлын байр бий болгож байна.
Оюу Толгой компани өнөөдрийн байдлаар Монголын ханган нийлүүлэгчдээс нэг тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан аваад байгаа юм. Түүнчлэн орон нутгийн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, эдийн засгийг тэтгэх зорилгоор “Говийн шим” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд Хаан, Хас банктай хамтран 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий зээлийн сан бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгож байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн 50 бизнес эрхлэгчдэд 380 сая төгрөгийн зээл олгоод байна.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой компани Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг. Жижиг, дунд бизнесийг дэмжих нь Оюу Толгой компанийн бодлогын нэг хэсэг юм. Тиймээс ч бид Монгол ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгож, тэдэнтэй хамтран ажиллахыг чухалчилдаг. Оюу Толгойн бүтээн байгуулалт, хүрсэн амжилт бүхэн Монголын бизнес эрхлэгчдийн хамтын амжилт гэдгийг тодотгомоор байна” гэлээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү