Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Оюу толгой” компани хамтран Даланзадгад хотноо ээлжит нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. “Түншлэл 2019” өдөрлөгийг нээн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үг хэлэхдээ 2018 онд “Оюу толгой” компани орон нутгийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн ажлын хүрээнд Өмнөговь аймгаас 126 сая ам.долларын худалдан авалт хийснийг онцлов. Энэ үеэр Өмнөговь аймаг, “Оюу толгой” ХХК 2019-2021 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн стратегийг баталсан нь орон нутгийн иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал байлаа.
Өдөрлөгт “Оюу толгой” компанийн томоохон хэлтэс албад, тус компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч 26 компани оролцож үйл ажиллагаагаа танилцуулав. “Оюу толгой” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын зарлаад буй ажлын байруудыг танилцуулсны зэрэгцээ техник, мэргэжлийн сургалтуудын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Мөн өдөрлөгийн үеэр иргэд аюулгүй ажиллагааны үзүүлэн таниулах сургалт, гүний уурхайн виртуал орчны танилцуулгад сууж, Оюу толгойн уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр хийж буй ажлуудын талаарх онцлох мэдээллийг авсан.