“Оюу толгой” компани “Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” алсын хараан дор дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын салбарт хөрөнгө оруулж олон улсад өрсөлдөхүйц чадварлаг ажилтан бэлтгэхийг тогтмол эрхэмлэсээр ирсэн. Энэ хүрээнд өнөөдөр “Оюу толгой” компани боловсролын бүхий л гол хөтөлбөрүүдээ танилцуулж, өөрийн нэрэмжит гадаадын тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа батламж гардууллаа. Арга хэмжээний үеэр Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар сумынхаа хөгжлийн бодлого чиглэлийг оюутан залууст танилцуулан сурталчлах, улмаар орон нутагт ажиллаж амьдрахыг уриалсан “Ханбогд сумын хөгжлийн бодлого, түншлэл” сэдвээр илтгэл тавилаа. Өдөрлөгт их дээд сургуулиудын 200 гаруй оюутан, багш сурган хүмүүжүүлэгч оролцож “Оюу толгой” компанийн боловсролын болон бусад чадавхжуулах хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авлаа.
“Оюу толгой” компани Ханбогд сумын хөгжлийг дэмжин, нягт хамтран ажилладаг бөгөөд тус сумд шаардлагатай байгаа боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэ удаагийн гадаадын тэтгэлгийг зарлан шалгарсан эхний дөрвөн хүнд тэтгэлгийн батламжийг нь гардуулсан. Шалгарсан оюутнуудын нэг нь эрүүл мэнд, гурав нь боловсролын удирдлагаар магистрын түвшинд суралцаж төгсөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумд гурваас доошгүй жил ажиллаж, орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан 2010 оноос хойш нийт 44 хүнийг 2.5 сая ам.долларын санхүүжилтээр Канад, АНУ, Австрали зэрэг улсуудад суралцуулаад байна. Тэтгэлгээр сургалтын төлбөр, сургалтын материалын болон сар бүрийн амьжиргааны зардал, дотуур байрны төлбөр, виз болон нислэгийн зардал зэрэг бүхий л зардлыг даадаг.
Түүнчлэн “Оюу толгой” компани, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Ханбогд сумын нэгдүгээр сургуультай хамтран явуулж буй “Аюулгүй сургууль” төслийн танилцуулгыг энэ өдөр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ хөтөлбөрийн ажилтан Д.Должинсүрэн хийлээ. “Оюу толгой” компани уг төслийг санхүүжүүлэн 2018 оны зургаадугаар сараас хойш Ханбогд сумын 9-11-р ангийн сурагчид, сурагчдын эцэг эхийн төлөөлөл, сургуулийн багш, ажилчдын дунд нийгмийг хүмүүнлэг, аюулгүй, аливаа төрлийн, ялангуяа жендерт суурилсан болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс ангид, амгалан нийгэм болгон өөрчлөхөд хувь нэмрээ оруулах зорилгоор хэрэгжүүлж байна.
Мөн жил бүрийн есдүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд зарлагддаг Залуусын хөгжлийн хөтөлбөрийн хоёр болон гуравдугаар шатыг амжилттай төгссөн 37 оюутан сурагч батламжаа гардан авлаа. Уг хөтөлбөрт хамрагдсанаар залуус залуустаа сургах, хичээлээс гадуурх хувь хүний хөгжлийн сургалт, болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг тул маш олон хүүхэд залууст хувь хүнийхээ хувьд өсөж дэвжин, өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдгаараа онцлог.
Өдөрлөгийн хамгийн их анхаарал татсан чухал хэсгүүдийн нэг нь ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, Геологи Уул уурхайн сургууль, Монгол улсын Их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын их сургуулийн оюутнуудаас бүрдсэн арван баг эрдэмтэн багш нар, “Оюу толгой” компаниас томилогдсон зөвлөх инженерүүдийн хамтран ажилласан “Үйлдвэрлэлийн судалгааны ажлын тайлан”-гаа танилцуулсан явдал байлаа. Энэхүү цалинтай дадлагын хөтөлбөр нь ирээдүйн инженер болох оюутнуудыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцуулан бодит асуудлыг шийдвэрлүүлэх даалгавар өгч, техник мэдлэгийг сайжруулах, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, манлайлах зэрэг чухал чадвараас эзэмшүүлэхэд чиглэсэн.
“Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лаура Томас хэлсэн үгэндээ “2010 оноос “Оюу толгой” компани гурван төрлийн тэтгэлэгтээ 1,000 орчим оюутныг хамруулсны сацуу Дадлагажигч оюутан, Залуусын хөгжлийн хөтөлбөрүүддээ 1,500 гаруй залуусыг хамруулаад байна” гэдгийг онцоллоо.
Хариулт үлдээнэ үү