“Оюу толгой” компани Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байрыг шинээр барьж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгөв. Энэхүү байгууламж нь хийн шингэн, цахилгаан, гагнуур, хүнд машин механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 180 оюутан хичээллэх анги, дадлагын хоёр танхимтай хоёр давхар хичээлийн байр, 108 оюутны дотуур байр, цахилгаан хангамжийн дэд өртөөний барилгаас бүрдэж буй юм.
Нээлтийн үеэр “Оюу толгой” компанийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх асуудал хариуцсан менежер Керн Вон Хаген “Өнөөдрийн үйл явдал Оюу толгой компани ганцхан энэ сургуульд биш бусад олон санаачлага, төсөл хөтөлбөрүүдэд хувь нэмрээ оруулсныг батлан харуулах цөм нь болж байгаа юм. Монгол залуусыг энэ сургууль олон улсын стандартад нийцсэн мэргэжилтэй ажилтан болгож гаргана гэдэгт найдаж байна” гэж онцлов. Харин Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун “Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байр баригдаж, нээлтээ хийж байгаа нь Өмнөговь аймгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо” хэмээн хэллээ.
“Оюу толгой” компани 2010 онд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Уг санамж бичгийн дагуу загвар жишиг болохуйц Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн хоёр төв шинээр байгуулах, мэргэжлийн боловсролын таван байгууллагын сургалтын хөтөлбөр, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг санхүүжүүлэх үүргийг “Оюу толгой” ХХК хүлээсэн юм. “Оюу толгой” компани энэхүү үүргийнхээ дагуу 2011 оноос 2014 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд Налайхад Техник, технологийн жишиг сургууль байгуулж, Даланзадгад, Чойр, Дархан хот дахь МСҮТ-ийг өргөтгөн шинэчилж байгаа юм. Үүний зэрэгцээ орон нутгийн зарим МСҮТ–ийг сургалтын төрөл бүрийн тоног төхөөрөмжөөр хангав.
Leave a Reply
You must be logged in to post a comment.