“Оюу толгой” компани жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэж, “Эрдэнийн говь” ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн ‘’Эрдэнийн говь’’ ёслол гуравдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо анх удаа болов. Энэ жилийн ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Ерөнхий захирал Армандо Торрес, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс, ханган нийлүүлэгч компанийн болон орон нутгийн удирдлагууд, дипломат алба, бизнесийн төлөөлөгчид урилгаар оролцов. Г.Батсүх ёслолыг нээж хэлэхдээ “Оюу толгойчуудын өлгий болсон өмнийн сайхан говь нутагт “Эрдэнийн говь” ёслолын ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Улиран одсон 2016 оноо дүгнэн харахад та бид хамтдаа дахин нэг өндөрлөгт гарч, хамтын ажиллагаагаа улам бэхжүүллээ.
Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчид 2016 онд “Оюу толгой”-н үйл ажиллагааны худалдан авалтын 11 хувийг эзэлж байсан бол энэ үзүүлэлт 2016 онд 15 хувь болж өслөө. Тахиа жилд энэ үзүүлэлтийг улам бүр ахиулж, 18 хувьд хүргэхээр зорьж байна. Ингэснээр Өмнөговьд найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгоход ахиц гарна. “Оюу толгой” компани 2016 онд улсын хэмжээнд 600 гаруй үндэсний ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй хамтран ажиллалаа. Нийт худалдан авалтын 80 хувь нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд ногдож байна. Манай ханган нийлүүлэгчид 35 мянган ажлын байрыг шууд болон дам бий болгож, улс орны эдийн засгийн хүндхэн ачааг хамтдаа үүрч байна. 2010 онд Оюу толгойн бүтээн байгуулалт эхлэхэд Өмнөговийн 10 орчим компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байсан бол 2016 оны эцэст 90 орчим болж нэмэгдлээ. Зөвхөн тооны өсөлт төдийгүй чанарын өсөлт ч гарав. Тухайлбал, орон нутгийн ханган нийлүүлэгчдийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт эрс сайжирч, хөдөлмөр хамгааллын хувцас мэтийг л нийлүүлдэг байсан бол одоо ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйлчилгээ, нарийн мэргэжлийн ажиллах хүчин, баяжмалын тээвэр зэрэг өндөр ур чадвар шаардсан ажил, үйлчилгээг дэлхийн уул уурхайн салбарт тавигддаг стандартын дагуу үзүүлж байгаа. Ингэснээр дотоодод нэмүү өртөг бүтээх, ур чадвар, технологи нутагшуулах зэрэг олон чухал ач холбогдолтойн зэрэгцээ цаашлаад дотоодын компаниуд олон улсын зах зээлд гарах боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
“Оюу толгой” компанийн ололт амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж буй ханган нийлүүлэгчдэдээ гүн талархал илэрхийлэхийн ялдамд “Эрдэнийн говь” шагналд нэр дэвшсэн байгууллагуудын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг Гурван сайхан хайрханы бэлд хамтдаа зүтгэж, хамтдаа бүтээцгээе” гэлээ. УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Батхүү уул уурхайн салбар Монгол Улсын экспортын 87, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71, ДНБ-ий 18 хувь, улсын төсвийн орлогын 1/4-ийг дангаар бүрдүүлж байгааг онцлон тэмдэглээд дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалт Оюу толгойг хамтдаа цогцлоохыг ерөөлөө. “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрес ёслолын төгсгөлд хэлэхдээ “Оюу толгой” компани жил бүр амжилтаа ахиулсаар байна. “Оюу толгой” өнгөрсөн онд уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны шинэ амжилт тогтоов. Усыг хамгийн ариг гамтай хэрэглэдэг уурхай боллоо. Бид 2010 оноос хойш төрөл бүрийн татвар, төлбөр хураамж, монгол ажилчдын цалин зэргээр Монгол Улсын Засгийн газарт зургаан тэрбум гаруй ам. доллар төлсөн байна. Энэ бүх амжилтын нэг хэсэг нь ханган нийлүүлэгч та бүхэн шүү. Би та бүхэнд гурван зүйлийг эрхэмлэн захья. Нэгдүгээрт, аюулгүй ажиллагаа хамгийн эрхэм зүйл шүү. Хоёрдугаарт, бизнесийн ёс зүй бол эрхэм зорилго байх ёстой. Гуравдугаарт, өрсөлдөх чадвараа дээшлүүлснээр найдвартай, өрсөлдөхүйц ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож чадна. Олон арван жил ашиглах дэлхийд өрсөлдөхүйц зэсийн уурхайгаа хамтдаа бүтээцгээе” гэв.
Ёслолын үеэр шилдэг ханган нийлүүлэгчээр таван компанийг дараах төрлүүдээр шалгаруулан, шагнал гардууллаа. Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн оны амжилт бүтээлээр нь дүгнэж аюулгүй ажиллагаа, бизнесийн өсөлт хөгжил, нийгмийн хариуцлага, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулсан байдал,орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч болон шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч зэрэг таван төрөлд нэр дэвшүүлж шалгаруулсан юм. Энэхүү ёслол нь зөвхөн шилдэг таван ханган нийлүүлэгчийг тодруулсан төдийгүй Монголын бизнес, аж үйлдвэрийн салбарын ололт амжилтыг тэмдэглэсэн чухал үйл явдал боллоо.
- Шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч – “Эс Жи Эм Эс” ХХК
- Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч – “Өмнөговь интерпрайз” ХХК
- Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч – “Эрчим электрик” ХХК
- Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч – “Говь газ” ХХК
- Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч – “Хүннү эйр” ХХК
Leave a Reply
You must be logged in to post a comment.