“Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давлаа

Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болох “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давлаа. Бид бүгдийн энэхүү хамтын амжилт нь тус үйлдвэрийн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзлийг нотолж буй үзүүлэлт юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд бид улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд төлсөн татвар, хураамжаараа, үндэсний болон орон нутгийн худалдан авалтаараа, цалин, хөлсөөрөө болон нийгэм, орон нутагт бүтээсэн бүтээн байгуулалт, хандив дэмжлэгээрээ тасралтгүй хувь нэмрээ оруулсаар иржээ.

Сүүлийн энэ арванд бид ханган нийлүүлэгчидтэйгээ хамтдаа өссөн ба тэднийхээ чадавхыг нэмэгдүүлэн олон улсын стандартад нийцсэн бараа, үйлчилгээг Монголдоо үйлдвэрлэн нийлүүлэх боломжийг бид хамтдаа хайж, хамтдаа бүтээж ирсэн юм. Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн дийлэнхи буюу 76 хувь нь дотоодын зуу зуунханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, мөн үйлчилгээнд зарцуулагдсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Бид өнөөдөр үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, чадавхыг дэмжих чиглэлээр олон төрлийн ажил хийсээр ирлээ. Оюу толгойн уурхайн цогцолборт Ханбогдод үйлдвэрлэсэн хувцастай, Даланзадгадад хийсэн бээлийтэй, Улаанбаатарт хийсэн хамгаалалтын гуталтай ажиллагсад та бүхнийг угтана. Зэсийн баяжмалаа бид Өмнөговь аймгийн Манлай сумд үйлдвэрлэсэн уутанд ууталж, орон нутгийн компани тээвэрлэж буйг дуулгахад таатай байна” гэсэн юм.

“Оюу толгой” компани үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөсөө хариуцлагатай ажил олгогч байж, хөгжлийн тулгуур хүнийхээ хөгжлийг тууштай дэмжин ажиллагсад болон залуучуудад хандсан боловсрол, ур чадварын хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн. Өдгөө Оюу толгойн нийт ажиллах хүчний 93 хувь нь их, дээд сургууль, коллеж төгссөн дотоодод төдийгүй бүс нутагтаа өрсөлдөхүйц монгол боловсон хүчин болж бэлтгэгдсээр байна. “Оюу толгой” компаниас өнөөдөр Австрали, АНУ, Их Британи, Канад, Сингапур дахь Рио Тинто группийн салбаруудад ажиллаж, мэргэшиж, зөвлөж буй олон арван түүчээ залуус бий.

Ноён Торрес: “Монголын өрсөлдөх чадварт хувь нэмэр оруулах уул уурхайн мэдлэг, туршлага бүхий дараагийн үеийн мэргэжилтнүүдийг бид бэлдэж байна” гэсэн юм.

Орон нутгийнхаа иргэд, түншүүдийнхээ хамт иргэд, олон нийтэд өгөөжтэй нийгмийн болон дэд бүтцийн хөгжилд нисэх буудал, зам, сургууль, цэцэрлэг, орон нутгийн байгууламжууд болох цахилгаан эрчим хүч, ус цэвэршүүлэх байгууламж, дулааны дэд бүтэц зэргийг санхүүжүүлж хамтран бүтээжээ.

Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох үед бид дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болох төсөөлөлтэй ба харин өдгөө бид аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн бүтээмжийн үзүүлэлтээр аль хэдийн дэлхийд тэргүүлэх манлай үйлдвэр болоод буйг дуулгахад таатай байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн