Монгол Улс, Улаанбаатар – “Бүгдээрээ нэгдэж, бусдыгаа аваръя” уриан дор тэмдэглэж буй Дэлхийн Цусны Донорын Өдрийн үйл ажиллагаанд Оюу Толгой ХХК идэвхтэй оролцож, тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей, Бүс нутгийн хөгжил, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Дэвид Патэрсон нар “Тэргүүний Донор Хамт олон” хүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө. Цагдаагийн Академи, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийг мөнгөн шагналын хамт Оюу Толгой ХХК-иас хүлээн авлаа.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч Камерон МакРей “Дэлхийн Цусны Донорын Өдрийн үйл ажиллагаанд Оюу Толгой компанийг төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна. Юуны өмнө энэрэнгүй үйлст, эрхэм элч донорууддаа манай компанийн нийт хамт олны өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж байна.
Оюу Толгой компанийн эрхэм дээд зорилго бол ажилтан ажиллагсадынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг сахин хамгаалах явдал байдаг. Энэ ч утгаараа өнөөдрийн арга хэмжээнд ивээн тэтгэгч байгууллагаар оролцож байгаадаа баяртай байна. Бид зөвхөн ёслолын арга хэмжээнд оролцох бус, цусаа хандивлах, энэ талын мэдээ мэдээллийг ажилтан албан хаагч нартаа өгөх талаар анхаарах болно” гэв.
Ёслолын үйл ажиллагааны үеэр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс Оюу Толгой компанийг “Буянтай Үйлст Хамт Олон”-оор өргөмжилж, хүндэт өргөмжлөл, батламж гардуулав.
Монгол Улсын хэмжээнд 2010 оны байдлаар 70 мянга орчим донор бүртгэгдсэн бөгөөд сүүлийн таван жилд тогтмол нэмэгдэж байгаа судалгаа гарчээ. Гэхдээ энэ нь өвчлөлийн хүрээтэй харьцуулахад бага тоо учир аюулгүй найдвартай цусны хэрэгцээг хангах гол эх үндэс болсон донорын эгнээг өргөжүүлэхэд иргэн бүрийн үүрэг, оролцоо, компани бүрийн нийгмийн хариуцлага онцгой чухал. Оюу Толгой компанийн хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, бусдыгаа түүчээлэн хүмүүнлэгийн үйлсэд ийнхүү нэгдлээ.
Үйл явдлын фотог энд дарж үзнэ үү.
Хариулт үлдээнэ үү