Оюу Толгой болон Рио Тинто компани 2011-2012 оны Дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн эздэд батламж гардууллаа

Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Ажлын утас: +976-11-331880
Гар утас: 9911-1851

Уул уурхай компаниуд хамтран дотоодын болон гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн батламжийг гардууллаа.

Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Оюу Толгой болон Рио Тинто компаниуд нь 2011-2012 оны дээд боловсролын тэтгэлгийг өнөөдөр 60 гаруй Монгол оюутнуудад олголоо.

Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын  Гэрээ болон Оюу Толгой ХХК болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь уул уурхай болон бусад салбарт өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх зорилготой бөгөөд 5 жилийн хугацаанд хоёр компаниас зарласан дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 200 гаруй оюутан, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт 30 оюутан тус тус хамрагдаад байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хүлээсэн үүргээсээ гадна монголчуудын  мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх, боловсролыг дэмжих үйл ажиллагаанд Рио Тинто хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Энэ жилийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 55 оюутны 20 нь Рио Тинтогийн шууд тэтгэлгийг хүртэж байна. Түүнчлэн Рио Тинтогийн хилийн чанад дахь бизнесийн салбаруудад 7 Монгол төгсөгчид ажиллаж байна. Рио Тинто компанийн олон улсын салбарт ажиллаж буй монголчуудын тоо нь ирээдүйд нэмэгдэх бөгөөд энэ нь тус компани дэлхийн олон улсад байрлаж буй салбартаа Монголд болон олон улсад боловсрол эзэмшсэн нийт 50 монгол оюутныг элсүүлэх алсын хараатай ажиллаж байгаатай холбоотой юм. Тиймээс эдгээр төгсөгчид Монголоос бусад оронд үйл ажиллагаа явуулж буй Рио Тинто компанийн салбарт ажиллаж олон улсын туршлага хуримтлуулах боломжтой болж байгаа юм.

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

Тус тэтгэлэгт хөтөлбөрийг Зориг Сан хэрэгжүүлж байгаа бөгөөд сонгон шалгаруулалт 2011 оны 9-р сарын 27, 28-ны өдрүүдэд явагдсан юм. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 300 гаруй оюутнууд дундаас нээлттэй, ил тод, шударгаар сонгон шалгаруулсан. 2011-2012 оны хичээлийн жилийн Дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт нийт 55 оюутан шалгараад байна. Эдгээрээс дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 35 оюутныг Оюу Толгой ХХК-ийн зүгээс, харин 20 оюутныг Рио Тинто компани ивээн тэтгэж байгаа болно.

Оюутнуудыг сонгон шалгаруулах хороонд Оюу Толгой, Рио Тинто болон Зориг Сангийн төлөөлөгчид орсон болно. Сонгон шалгаруулалтын эхний үе шатанд хөтөлбөрийн сонгон шалгаруулах үзүүлэлтийг тухайн оюутнууд хэр зэрэг хангаж байгааг, харин 2-р шатанд сонгосон оюутнуудыг ярилцлагад урьж, хичээлийн дүн, суралцаж буй мэргэжил, орон нутгийн үйл ажиллагаанд оролцож буй идэвх, ирээдүйн зорилго, төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн үнэлгээ хийсэн юм.

Оюу Толгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх хэлэхдээ, “Монголын хамгийн шилдэг, авьяаслаг зарим оюутнуудад өнөөдөр бид тэтгэлэг олголоо. Тэдний ирээдүйн хүчин чармайлтыг дэмжих боломж бидэнд олдсонд баяртай байна. Эдгээр оюутнууд боловсрол болон цаашдын ажил үйлсээрээ бусдад үлгэр дуурайл болно гэж бид найдаж байна” гэсэн юм.

Оюу Толгой болон Рио Тинто компаниуд дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 262 сая 700 мянган төгрөг зарцуулах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд нэг жилийн сургалтын төлбөр болон сарын 200 мянган төгрөгийн тэтгэлэг, дотуур байрны зардал (хөдөөгийн оюутнуудад) авах бөгөөд зарим оюутнууд нь олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Олон улсын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд

2011 оны 5, 6-р сард Оюу Толгой компани Зориг Сантай хамтран олон улсын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, зохион байгуулсан. Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ, Канад, Австрали улсын уул уурхай, геологи, барилга, цахилгааны инженер болон бусад чиглэлээр суралцах юм.

Оюу Толгой компанийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй хэлэхдээ, “Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол оюутнуудад цаашаа суралцах, ирээдүйн ажил мэргэжлийн гараанд нь бэлтгэхэд нь тусалж буй бидний арга хэрэгсэл юм. Олон улсын их дээд сургуульд суралцсанаар эдгээр Монгол оюутнуудын мэдлэгийн хүрээ асар ихээр нэмэгдэнэ. Оюутнууд гадаадад амжилттай суралцаж төгсөөд сурсан, мэдсэнээ Монгол улсад хэрэгжүүлж, бусдад тусалж, дэмжинэ гэдэгт бид итгэж байна” гэв.

Оюу Толгой компани олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт 56,000-60,000 ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Үүнд оюутны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, виз, замын зардал зэрэг багтаж байгаа юм.Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутан Оюу Толгой болон Рио Тинто компани дээр ажлын дадлага хийх боломжоор давхар хангагдаж байгаа юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Рио Тинто компанийн тухай (www.riotinto.com)

Рио Тинто нь Англи улсад төвтэй олон улсын шилдэг уул уурхайн компани бөгөөд Авсралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто Лимитед болон Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто Плс компаниудыг нэгтгэсэн групп компани юм.

Рио Тинто компани нь байгалийн баялаг хайж олох, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Гол бүтээгдэхүүнд хөнгөн цагаан, зэс, алмаз, эрчим хүч /нүүрс, уран/, алт, аж үйлдвэрийн түүхий эд болон төмрийн хүдэр ордог. Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байгаа ч Австрали, Хойд Америкт том төслүүд хэрэгжиж байна. Мөн Өмнөд Америк, Ази, Европ болон Африкийн өмнөд хэсгийн улсуудад томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн