“Оюу толгой” болон “Рио Тинто” компани өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцахаар шалгарсан 31 оюутанд тэтгэлэг хүртсэн тухай батламж гардууллаа. 2010 оноос хойш “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 3,600 гаруй орчим оюутан, залуус хамрагдсан байна.
“Оюу толгой” компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгохоос гадна шалгарсан оюутнуудаа хувь хүний хөгжлийг дэмжих сургалт болох “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-төө давхар хамруулан залуу мэргэжилтэн болж өсөж, хөгжих боломжийг оюутнууддаа олгодог онцлогтой.
Энэ жилийн хувьд “Оюу толгой” компаниас дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийг 22 оюутанд, “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-тай хамтарсан Геотехникийн хөтөлбөрт тэтгэлгээр суралцах эрхийг есөн оюутанд тус тус гардууллаа. Дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн зорилготой эл хөтөлбөрийг 2.7 сая ам.долларын хөрөнгөөр “Оюу толгой” болон “Рио Тинто” компаниуд санхүүжүүлж, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна. 2021 оноос эхэлсэн таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн судалгааны ажлыг дэмжих уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил зарласан. Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
Тэтгэлэгт хөтөлбөр болон судалгааны санхүүжилтэд шалгарсан оюутнууд, багуудад баяр хүргэж, цаашдын ажил сурлагад нь амжилт хүсье.
Хариулт үлдээнэ үү