Оюу Толгой баяжмалаа экспортолж эхэлсний хоёр жилийн ойгоор “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлын хэлсэн үг

Нэгдүгээр босоо ам, Оюу Толгой уурхай


Өдрийн мэнд, та бүхэн сайн байцгаана уу.

Манай бизнесийн үйл ажиллагааны амин зүрх болсон уурхайн талбайгаас, тэр дундаа манай ирээдүй болох далд уурхайгаас та бүхэнтэй өнөөдөр мэндчилж байгаадаа миний бие туйлын их баяртай байна.

7 сарын 9-ний өдөр бол манай компанийн түүхэн дэхь онцгой өдөр билээ.

Хоёр жилийн өмнө яг энэ өдөр бид зэсийн баяжмалаа анх удаагаа экспортод гаргаж байлаа. Тэр өдрөөс бид бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд гаргадаг жинхэнэ бизнес болсон билээ.

Говь нутгийн гүнд энэ гайхалтай төслийг бүтээн босгож, 2013 оны тэр өдөрт хүрэхэд мянган мянган хүний хүчин чармайлт, хамтын хөдөлмөр шингэсэн.

Уурхайг барьж байгуулах нь зөвхөн эхний алхам байсан. Дараагаар нь түүнээс ч их амжилтанд хүрсэн. Энэ нь нэг зорилго дор хүчин зүтгэлээ нэгтгэж, хамтран ажиллавал хэчнээн их амжилтанд хүрч болохыг харуулж байна.

Өнгөрсөн нэг жил нь Оюу толгойн хувьд өсөлт, хувьслын жил байлаа. Бид үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байсан бизнесээс хурдацтай өсөн дэвшиж буй, дэлхийн хэмжээний Монгол бизнес болж, улс орондоо, мөн олон улсын түвшинд үлгэрлэн ажиллаж байна.

Энэ нь бидний ололт амжилтуудаас бэлхнээ харагдаж байна:

  • Аюулгүй ажиллагааг бид эн тэргүүний зорилт болгож ирлээ. Ирээдүйд ч үргэлж эрхэмлэн ажиллана. Аюлгүй ажиллагааны тал дээр бид сайн амжилттай ажиллалаа. Тэг осол зөрчилд хүрэхэд буюу ямар ч гэмтэл бэртэлгүй ажиллахад бид өмнө байгаагүйгээрээ ойртон ирээд байна гэж би бодож байна. Бид аюулгүй ажиллагааны үзүүлэлт сайтай ажилласаар байгаа бөгөөд бусад бизнесүүд дундаа тэргүүн эгнээнд явж байна.
  • Бид нэг сая дахь тонн баяжмалаа зах зээлд гаргаснаар үнэхээр том, тэмдэглүүштэй амжилтанд хүрлээ. Та бүхэн бүгдээрээ, тэр дундаа үйл ажиллагаа, тээвэрлэлтийн багийн энэ амжилтийн хүрэхэд шаргуу ажилласан.
  • Бидэнтэй хамтран ажилладаг нэг мянга орчим үндэсний компанийн хамт бид энэ амжилтанд хүрсэн. Эдгээр компаниудаас худалдан авсан бараа үйлчилгээ нь бидний 2014 онд зарцуулсан нийт дүнгийн 80 гаруй хувийг эзэлж байна. Эдгээр Монгол компаниудын ард 35,000 ажилтан, тэдний гэр бүл байгаа.
  • Бид хувь нийлүүлэгчид, хамтран ажиллагч түншүүд, болон бусад хамтран ажиллагч талуудын хүлээлт, шаардлагын дагуу энэ бизнесийг авч явах өндөр ур чадвартай хамт олон, ажиллах хүч болон хурдацтай дэвжиж байна.
  • Үйлдвэрлэл үйл ажиллагаагаа бүтэн эхлүүлснээс хоёр жилийн дараа гэхэд бид хөгжилд хувь нэмэр оруулахдаа зөвхөн дотроо биш гадагшаа чиглэн ажиллах хэмжээнд аль хэдийнэ хүрчээ. Бид саяхан Эрдэнэт үйлдвэртэй эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны чиглэлд олон улсын шилдэг туршлагыг хуваалцахаар санамж бичигт гарын үсэг зурсан нь миний хувьд бахархууштай үйл явдал болсон.
  • Харилцан итгэлцэл, хүндлэл дээр суурилсан түншлэгч орон нутаг болон бидний хоорондын харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлж байнаБид тогтвортой хөгжлийг урт хугацаанд жинхэнэ утгаар нь авчрах хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэх зөв гольдиролдоо орчихсон ажиллаж байна гэдэгт би итгэлтэй байна.
    • Бид 2010 оноос хойш нийтдээ 35 сая долларыг нийгмийн хөрөнгө оруулалтад зарцуулсны 19 саяыг нь орон нутгийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан болно.
    • Ханбогд суманд Залуучуудын хөгжлийн төв байгуулахад бид НҮБ-тэй хамтран ажиллалаа.
    • Үндэсний нүүдэлчин соёлыг сургуулийн хүүхдүүдэд хүргэх зорилготой “Монгол гэр” төслийг дэмжин ажиллалаа.
    • Ханбогд суманд орон нутгийн өдөр тутмын харилцааг дэмжин явуулах Иргэдийн хөгжлийн төвийг нээлээ.
    • Ханбогд суманд Галба талбайг нээсэн нь бүс нутгийн хэмжээнд анхдагч боллоо.
    • Түншлэгч орон нутгийнхантайгаа байгуулаад удаагүй байгаа Хамтын ажиллагааны гэрээ нь урт хугацааны түншлэлийг суурийг бэхжүүлсэн том амжилт боллоо. Энэхүү гэрээгээр бид жилд 5 сая долларын хөрөнгө оруулалтыг орон нутагт хийх юм.

Иинхүү эргээд дурсах онцлох амжилтууд бидэнд олон бий. Харин энэ бүх ололт амжилтанд бид тогтворгүй, бэрхшээлтэй цаг үед хүрснийг онцлон тэмдэглэе.

Дэлхийд олон чухал үйл явдал өрнөж, өөрчлөлтүүд гарч байна. Бидний захирагддаг түүхий эдийн зах зээл нэлээд бэрхшээлтэй тулгарч байна.

Зах зээлийн энэхүү бэрхшээлтэй нөхцөл байдалд бид бизнесийнхээ хэмжээнд хариу үйлдэл үзүүлж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, зардлаа танаж байгаа.

Энэ хүрээнд амжилттай хийгдсэн, та бүхний манлайлан чиглүүлсэн, оролцсон, амжилттайгаар гүйцэтгэсэн ажлуудаас жишээ болгон дурдая.

Жишээлбэл, ачааны машины тэвшийг өргөтгөх хөтөлбөрийг авч үзье. Энэ ажлыг гүйцэтгэснээр гаднаас шинэ тэвш 10 сая доллароор авахын оронд дотоодын нөөц бололцоогоо ашиглан зөвхөн 1 сая доллар зарцуулж, ачааны машины дундаж даацыг 265 тонноос 290 тонн болгон нэмэгдүүлсэн билээ. Ингэснээр нэг зөөлтдөө 10 ланд крузерийн жинтэй тэнцэхүйц хэмжээгээр даацыг нэмэгдүүлсэн.

Манай худалдан авалт, ханган нийлүүлэлтийн баг дотоодын компаниудтай үр дүнтэй хамтран ажилласны дүнд бид жил бүр шатахуунд зарцуулж байгаа хөрөнгөө 12 сая доллароор хэмнэж байна.

Манай баяжуулах үйлдвэрийнхэн хөвүүлэн баяжуулалтын металл авалтыг нэмэгдүүлэх ОТЗ хэмээх цоо шинэ химийн бодисуудын нэгдлийг гаргаж авав.

Энэ нь баяжуулах үйлдэрт хийгдсэн олон амжилттай ажлуудын зөвхөн нэг жишээ юм.

Энэ бол инноваци буюу шинэчлэл.

Энэ бүх жишээ нь манай хамт олон, бид бүгдээрээ, эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд урдаа байгаа сорилт бэрхшээлийг даван туулж байгааг харуулж байна.

Энэ бол маш чухал. Зах зээлийн нөхцөл байдал бэрхшээлтэй, хүнд байгаа бөгөөд түүхий эдийн үнэ унаж байна. Түүнээс гадна манай ил уурхайн металл авалт ирэх жилүүдэд буурахаар байгаа. Аюулгүй ажиллагааг эрхэмлэн, бэлэн мөнгөний урсгалд төвлөрөн ажиллаж, зардлаа танан, үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөх замаар бизнесийн үйл ажиллагаагаа нөхцөл байдалдаа тааруулан ажиллах нь маш чухал.

Бидэнд хийх ажил их байгаа ч гэсэн бид хийсэн зүйлсээрээ бахархах ёстой гэдгийг би дахин сануулмаар байна. Бид өдөр тутмын ажлаа хийж байхдаа ч гэсэн алс хэтийг харж байх ёстой.

Өнөөдөр бид дахин нэг өсөлт, хувьслын заагт байна. Одоогоос сар гаруйхны өмнө манай хувь нийлүүлэгчид Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар далд уурхайн ажлыг дахин эхлүүлэх ажил илүү тодорхой боллоо.

Ийнхүү дараагийн үе шатандаа шилжсэнээр Оюу Толгой нь өсөх идэр насаа үдэж, дэлхийн тавцанд гол тоглогч болно.

Энэ цаг мөчид бид өнгөрсөн хоёр жилийн турш энд байсан 1-р босоо амын дэргэд цуглараад байна. Цаг нь ирэхэд бүх бэлтгэл ажлыг хангасан байхын төлөө шаргуу хөдөлмөрлөн ажилласан баг хамт олны хичээл зүтгэлийг үнэлэхийг би хүсч байна.

Далд уурхайн арчилгаа, засвар үйлчилгээний баг нь 22 сар буюу 2 жил шахам хугацааны турш шаргуу ажиллалаа. Цаг нь ирэхэд далд уурхайн ажлыг аюулгүй, амжиллтайгаар эхлүүлэхэд нэн чухал ажлыг энэ багийнхан хариуцан гүйцэтгэж ирсэн юм.

Бид бүгдээрээ энэ багийнханд үнэхээр их талархаж байна. Нийт баг хамт олны өмнөөс талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу хэмээн Нэргүй болон Дандар нарыг урьж байна.

__

Нэргүй, Дандар, та бүхэн болох хамт олонд тань баярлалаа.

Бүтээн байгуулалтын ажлыг энд дахин эхлүүлэхийн өмнө хийх зүйл их байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бэлтгэл ажил хэдийнээ эхэлчихсэн байгаа бөгөөд ажлыг дахин эхлүүлэхийг би сэтгэл догдлон хүлээж байна.

Энэ төслийг амжилттайгаар хэрэгжүүлэхэд нь нэлээд их ажил орно. Үүнээс өмнө бид түр зогсоод энэ ажил биднийг хаана аваачих вэ гэдгийг эргэн нэг саная.

Энэ онын эхэнд бид “Алсын хараа – Манай ирээдүй”-г танилцуулсан билээ. Үүний гол утга учир нь бид одоогоос хэдэн арван жилийн дараа хаана хүрсэн байх вэ гэдгийг тодорхойлоход оршиж байгаа болно.

Бидний эрхэм зорилго манай бизнесийн хүрэхийн төлөө ажиллах зорилгыг тодорхойлж байна. Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна.

Хоёрхон жилийн хугацаанд ийм амжилтанд хүрсэн гэдгээрээ бид дор бүрнээ бахархах хэрэгтэй. Ирээдүйг илүү хол харахдаа би алсын хараагаараа хардаг. Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ.

Бидэнд өөрсдөөсөө хэд дахин нүсэр зүйлийн нэгэн хэсэг байж, хөгжил дэвшил, шинэ боломжийг зөвхөн бизнесийнхээ салбарт биш, түүнээс өргөн хүрээнд авчрах хөдөлгөгч хүч байж, өнөөдөр Галбай талбайд тоглож байгаа хүүхэд ирээдүйд өндөр ур чадвар эзэмшиж, шинэ ажилд орохоос эхлүүлээд шинээр байгуулагдах олон олон бизнесийг бий болгох энэ их үйлст өөрийн хувь нэмрээ оруулах боломж бололцоо байна.

Бид энэ том зорилгыг сэтгэлдээ тээж, Оюу толгой олон хүний амьдралд үүрэг гүйцэтгэнэ гэсэн ирээдүйг харж ажиллахдаа төлөв даруу байх нь чухал. Бид Монгол улсын Засгийн газар, бусад хувь нийлүүлэгчид, худалдан авагчиддаа үйлчилдэг бизнесийн байгууллага билээ.

Оюу толгойн өнөр бүлийн хамт, хамтран ажиллагч түншүүд, оролцогч талуудынхаа хамт, та бүхний хамт би энэ том аян замд гарч байгаадаа үнэхээр сэтгэл догдолж байнга.

Ханбогд сумын наадам болоод хэдэн өдөр өнгөрч байна. Маргааш орон даяар улсын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ бол амжилтдаа хамтдаа тэмдэглэх, нэг нэгэндээ талархлаа илэрхийлэх өдөр юм.

Энэ баярт мөчид бид бүгдээрээ ирээдүйг гэгээлгээр харж байгаа гэж би найдаж байна.

Бидний туулах зам урт байна. Энэ замыг туулахад үргэлж амар хялбар байхгүй хэдий ч боломж бололцоогоор дүүрэн байх болно. Өөрийнхөө болон харилцан нэг нэгнийхээ аюулгүй байдалд үргэлж санаа тавьж байдаг манай боловсон хүчин бол бидний хамгийн чухал үнэт зүйл гэдгийг энд цугларсан та бүхнийг хараад би дахин ойлгож байна.

Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэлд дахин баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.

Бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байх болтугай.

Баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.