Оюу Толгойн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны сайн дурын ажилчдын тоо нэмэгдсээр байна

 

~Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангахад сайн дурын ажилчдын оролцоо чухал~

Монголын уул уурхайн Оюу Толгой компани ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Энэ хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж буйн нэг нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны сайн дурын ажилчид элсүүлэх юм. Уг арга хэмжээ нь ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг тэдний өөрсдийнх нь оролцоотойгоор бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, Оюу Толгой компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангахад ажилтан бүрийн хувь нэмэр, оролцоо, үүрэг хариуцлага чухал.

Одоогийн байдлаар 100 гаруй ажилтан сайн дурын ажилчнаар элсч, компанийн нийт ажиллагсдын дунд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны соёлыг дээшлүүлэх, харилцан мэдээлэл солилцох ажлыг хийж байна. Улаанбаатар дахь оффиссын давхар бүрт аюулгүй ажиллагааны үнэлгээчин, аюулгүй ажиллагаа хариуцагч, аюулгүй ажиллагааны мэдээллийн ажилтан, эмнэлгийн анхан тусламж үзүүлэгч сайн дурын ажилчдаас гадна галын идэвхтэн ажиллаж буй.

Ийнхүү Оюу Толгой компанийн ажиллагсад эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сайн дурын ажилтнаар элсч, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангахад хувь нэмрээ оруулж байна. Энэ нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг илүү найдвартай болгох, осол эндэгдлийг тэг хэмжээнд байлгах зорилгодоо хүрэхийн зэрэгцээ Оюу Толгой компанийн ажиллагсад нийгмийн хариуцлагатайг харуулж байгаа юм.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Ажилчин бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах нь Оюу Толгой ХХК-ийн тэргүүн зорилт. Үүнийг хэрэгжүүлэхэд манай компанийн нийт ажиллагсдын оролцоо чухал. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сайн дурын ажилчид нь Оюу Толгой ХХК-ийн нийгмийн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, энэ салбарт эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байна” хэмээн дүгнэлээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.