Оюу Толгой ХХК нь өөрийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын төлөвлөгөөний дагуу 2011 оны 2 сард баяжуулалтын өргөн мэргэжлээр шинээр дахин 60 суралцагч сонгон шалгаруулан авч 4 сарын 20-нд Дархан хотын Политехникийн коллежид сургалтаа эхлүүллээ. Энэхүү баяжуулалтын сургалт нь Америкийн PAI компанид Оюу Толгой ХХК-ний захиалгаар боловсруулагдсан компьютер анимацид суурилсан сургалтын программ бөгөөд энэхүү сургалтыг Дарханы политехникийн коллежийн болон Эрдэнэтийн технологийн сургуулийн сургагч багш нар Америкийн PAI компанийн сургагч багш нарын удирдлаган доор явуулах болно.
Тус сургалт нь онол дадлага хосолсон сургалт бөгөөд онолын хичээлээ Дарханы политехникийн коллежид үзэн, үйлдвэрлэлийн дадлагаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт хийх юм. Энэхүү сургалт нь 2012 оны 3 сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд суралцагч бүр Оюу Толгой компанитай сургалтын гэрээ байгуулан суралцаж байна. Суралцагчид дотуур байр болон хөдөлмөр хамгааллийн хувцасаар бүрэн хангагдан сар бүрийн 250 ам.долларын стипендтэй суралцах юм.
Оюу Толгой ХХК нь суралцагч нараа суралцах бүхий л орчин нөхцөлөөр хангах үүднээс Дарханы политехникийн коллежид 62 ширхэг шинэ компьютер, 2 принтер мөн 2 проектор худалдан авч өгсөн билээ.
Хариулт үлдээнэ үү