Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум амжилттай боллоо

– Форумд үндэсний аж ахуйн нэгжүүд зонхилсон 600 орчим компани оролцов –

Дотоодын болон гадаадын ханган нийлүүлэгчдийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих зорилготой Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум лхагва гаригт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь боломжит ханган нийлүүлэгчдийг олох, тэдэнд гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар мэдээллийг өгөхөд чиглэгдсэн бөгөөд Монголын болон олон улсын 600 орчим компани идэвхитэй оролцож, арга хэмжээнд 1200 гаруй хүн ирлээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Гүний уурхайн бүтээн байгуулалтын энэхүү форум нь Оюу толгойн гүний уурхайг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил авчрах чухал үйл явдал болж байна. Оюу толгойн нийт үнэ цэнийн 80 гаруй хувийг агуулсан гүний уурхайн төслийг хэрэгжүүлэхэд тогтвортой хамтын ажиллагаа, түншлэл, хамтын хичээл зүтгэл шаардлагатай. Форумд 600 орчим компани идэвхтэй оролцож, дотоодын болон гадаадын ханган нийлүүлэгч нарт хамтран ажиллах томоохон боломжийг олгож, дэлхийд өрсөлдөхүйц дотоодын ур чадварыг бий болгоход дэмжлэг үзүүлж байгаад бид бүхэн баяртай байна” гэж хэлсэн үгэндээ онцоллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюу толгой нь аюулгүй, тогтвортой, үр ашигтай, дэлхийд тэргүүлэгч бизнесийг бүтээж байна. “Оюу толгой” компани нь нийгэм, боловсролын салбарт хөрөнгө оруулж, аюулгүй байдал, байгаль орчны гүйцэтгэл, татвар төлөлтөд дэлхийн стандартыг тогтоосон. “Оюу толгой” компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ханган нийлүүлэгч та бүхний оролцоо маш чухал. Тиймээс ханган нийлүүлэгчид дор бүрнээ үр ашгийг дээшлүүлж, Оюу толгойд хувь нэмрээ оруулж, дэмжиж хамтран ажиллахыг урьж байна” хэмээн хэллээ.

Арга хэмжээний үеэр төсөлд шаардлагатай үйлдвэрлэлийн болон иргэний барилга байгууламж, их хэмжээгээр хэрэглэх материалууд, өрөмдлөг, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, цахилгааны болон харилцаа холбооны хэрэгсэл, галын аюулаас сэргийлэх үйлчилгээ, тоног төхөөрөмж, хөдөлгөөнт тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээ, тээвэр зууч, ложистик, түлшний систем, гүний уурхайн тулгуур бэхэлгээний материал, хоолой, шахуурга, боловсруулалт болон материалын дэд бүтэц, мэргэжлийн үйлчилгээ, гүний уурхайн хоргодох байр, металл хийц, төмөр, агааржуулалтын тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээ, уурхайн үйлчилгээ гэсэн хангамж, үйлчилгээний 16 багц ангиллаа танилцууллаа.

Түүнчлэн үндэсний болон 28 өөр орноос ирсэн ханган нийлүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, үр өгөөжтэй түншлэл зэрэг “Оюу толгой” компанитай хамтран ажиллах үндсэн бодлого журамтай танилцахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээт мэдээллийг авсан юм.

Арга хэмжээнд Монголын болон олон улсын 600 орчим бизнесийн төлөөллөөс гадна Рио Тинто болон Оюу толгойн удирдлагууд, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар оролцлоо.

Үүнээс гадна Засгийн газар, орон нутгийн байгууллагын төлөөлөл, Уул уурхай, Зам тээвэр, Аж үйлдвэр, Гадаад хэргийн яамууд, Ерөнхий сайдын ажлын алба, Инвест Монгол, болон Ханбогд сумын төлөөлөл ирсэн байна.

Мөн Австрали, Канад, Чех, Энэтхэг, Япон, Нидерланд, БНСУ, Их Британи болон АНУ-ын Элчин сайд, дипломат төлөөлөгчид, Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагынхан форумд ирж оролцлоо.

Хэвлэлд өгөх тайлбар:

  • Оюу толгой нь Рио Тинто компанийн хэмжээнд аюулгүй ажиллагаагаараа тэргүүлэгч уурхайнуудын нэг юм.
  • “Оюу толгой” компанийн нийт ажиллагсдын 95 хувийг Монгол ажилтнууд эзэлж байна.
  • 2015 онд бид ойролцоогоор 885 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилласан ба үүний 576 нь дотоодын ханган нийлүүлэгчид байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ард нийт 35,000 гаруй ажилтан, тэдний гэр бүл байгаа юм.
  • 2010 онд барилга угсралтын ажил эхэлснээс хойш ажилчдын цалин, дотоодын ханган нийлүүлэгчдийн төлбөр тооцоо, Монгол Улсын засгийн газарт төлсөн татвар, бусад төлбөр хураамж зэргээр дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 5.13 тэрбум ам.долларыг даваад байгаа нь Монгол Улсад бодит нөлөө үзүүлж байна.
  • Аймаг, орон нутгийн ард иргэдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам баяжуулж, энэ оны “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу нийгмийн хөгжил, дэд бүтцийн төслүүдэд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн.
  • Оюу толгойн тойм мэдээг эндээс үзнэ үү.