Төсөл нь аюул осолгүй бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй саяхан гарсан хоёр золгүй явдалд компанийн зүгээс авч байгаа арга хэмжээтэй танилцахаар Лхагва гаригт төслийн талбайд очлоо. Өнөө өглөө Оюу Толгой дахь менежерүүд ажилтнууддаа болсон хоёр золгүй явдлын талаар бүрэн мэдээлэл өглөө.
11 дүгээр сарын 17–ны Пүрэв гаригт төслийн талбайн ариун цэврийн өрөөнд гэрээт компанийн эмэгтэй ажилтан руу нэг эрэгтэй дайрсан байна. Эмэгтэй гэмтэж бэртээгүй бөгөөд түүн рүү дайрсан хүнийг олж илрүүлэн, хариуцлага хүлээлгэх ажилд холбогдох эрх бүхий байгуулагатай хамтран ажиллаж байна.
11 дүгээр сарын 19–ний Бямба гаригт СиАйЭс хэмээх Францын гэрээт компанийн ажилтан Монгол залууг төслийн талбайд нас барсан байхыг олсон бөгөөд одоо цагдаагийн байгууллага уг хэргийг шалгасан хэвээр байна.
Оюу Толгой төслийн талбайд өөр ямар нэг золгүй явдал, осол хэрэг гараагүй болно.
МакРэй хэлэхдээ, “Юуны түрүүнд Оюу Толгойд байгаа бүх хүний өмнөөс нас барсан залуугийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.” гээд “Бид төслийн зүгээс түүний гэр бүлийнхэнд хэрэгтэй бүхнээр дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Ар гэрийнхэн нь төслийн талбайд ирж үзсэн. Цагдаагийн мөрдөн байцаалт, шалгалтын шаардлагын улмаас бид одоогийн байдлаар төслийн талбайд гарсан энэ золгүй явдлын талаар өөр зүйл мэдээлэх боломжгүй байна”.
“Олон нийтээс тэвчээртэй байж цагдаа нарт ажлаа хийх боломж олгохыг хүсэх байна.”
“Мөн энэ боломжийг ашиглан Оюу Толгойн ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд төслийн талбай аюулгүй бөгөөд ийм төрлийн гэнэтийн золгүй тохиолдол ховор байдаг гэдгийг ахин батлан хэлэх хүсэлтэй байна. Ажилтнуудын аюулгүй байдал бидний эн тэргүүнд тавьдаг асуудал тул бид 11,000 ажилтныхаа аюулгүй байдлыг хангах үүднээс төслийн талбайд Монголын компаниудын 200 гаруй харуул, хамгаалалтын ажилтныг ажиллуулдаг.”
“Лхагва гаригт мэдээлсний дагуу манай гэрээт компаний 34 ажилчин уг золгүй явдлын шалтгаанаар чөлөө авсан байгаа. Тэдний үүрэгт ажлыг бусад ажилчид ээлжлэн гүйцэтгэж байна. Эхний 34 хүн удахгүй буцаж ажилдаа орох бөгөөд тэд ажил хаяагүй. Тэдний ажлын байр нь баталгаатай байгаа” гэж ярилаа.
Төгсгөлд нь тэрээр “Оюу Толгой нь аюул осолгүй төсөл бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа” гэж мэдэгдлээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү