Оюу Толгойн Говийн шим хөтөлбөр

Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851

Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Оюу Толгой ХХК-ийн Говийн Шим орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан туршлага-солилцох аялалд “Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв” ТББ оролцлоо. Тус төвийн гүйцэтгэх захирал Ц.Цэнд-Аюуш Оюу толгой гэхээр зөвхөн мөнгө харагддаг үзэл бодлыг халж хариу барих хэрэгтэй хэмээн орон нутгийн бизнес эрхлэгчдийг уриаллаа.

Аялалд Говийн Шим хөтөлбөрт хамрагдсан 12 бизнес эрхлэгчид Өмнөговь аймгаас хүрэлцэн ирж “Бөхөг” ХХК, Соёолж төв, өрхийн ногоо тариалагч зэрэг олон байгууллагаар зочилсон юм. Хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолууран түүхий эдийг ашиглаж гар урлалын бүтээгдэхүүн хэрхэн хийх талаар “Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв” ТББ сургалт явууллаа.

“Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв” нь 230 хоршоог эгнээндээ нэгтгэж, 21 аймгийн 3000 гаруй хүнийг сургалтад хамруулсан ТББ. “Цагаан алт” хэмээх дэлгүүртэй. Дэлгүүртээ 800 гаруй бүтээгдэхүүн борлуулдаг. Оюу Толгой, Мэрси Кор, Дэлхийн зөн зэрэг олон байгууллагуудтай хамтарч малчидад ноосон эдлэлээр бүтээгдэхүүн хийх технологийг зааж сургадаг.

Сургалтын үеэр Ц.Цэнд-Аюуш “Орон нутгийн иргэд өөрсдөд нь бэлэн буй тэрхүү түүхий эдээ ашиглаад чанартай бүтээгдэхүүн л хийж чадаж байвал зах зээл нь хангалттай байдаг. Тиймээс Оюу Толгойгоос өгч байгаа энэ сайхан боломжийг ашиглаж, оюундаа хөрөнгө оруулал хийх нь өөрөө жинхэнэ хөрөнгө оруулалт юм шүү гэдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс Оюу Толгойгоос мөнгө аваад л байх биш боломжийг алдалгүйгээр сайн хичээж, хөдөлмөрлөн тэдний хичээл зүтгэлд хариу барих хэрэгтэй” гэж боддогоо хэлж байсан юм.

Баян-Овоо сумаас ирсэн, ногоо тариалагч Д.Балжинням “Оюу Толгой чин сэтгэлээсээ хөдөлмөрлөе гэсэн хүнд үүд хаалгаа нээдэг. Орон нутгийн бид ч тэр боломжийг зөвөөр ашиглаж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Ер нь хүнээс л шалтгаалах гээд байна шүү” гэж ярьж байлаа.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн