Монгол Улс, Улаанбаатар – Монголын Уул Уурхайн Оюу Толгой ХХК-ийн барилгын томоохон төслүүд Өмнөговь аймаг, Чойр, Дархан хотуудад үргэлжлэн хэрэгжиж байна. Уг төслүүдийг Монголын компаниуд зураг төслийн шатнаас гүйцэтгэл хүртэл бүх үе шатуудад гэрээлэн гүйцэтгэж байгаа юм. Оюу Толгой төслөөс санхүүжүүлж буй Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтанд хамрагдаж буй сонсогчид дадлага ажлаа эдгээр төслүүд дээр хийхийн зэрэгцээ цаашдаа байнгын ажлын байраар хангагдах бололцоотой болох юм.

Оюу Толгой ХХК Монгол Улсад урт хугацааны бизнес, тогтвортой бизнесийн харилцааг бий болгох зорилтоо өөрийн үйл ажиллагаагаар бодит ажил хэрэг болгож байгааг энэхүү төслүүд дахин нотолж байна.

Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсаас, тэр дундаа Өмнийн Говийн бүсэд худалдан авалтыг дэмжих бодлого бидний тэргүүлэх зорилт юм.

Хэрэгжиж буй барилгын томоохон төслүүд:

  • Орон нутгийн байнгын нисэх буудал

    Төсөв: 30 сая ам.доллар
    Монголын компаниуд Оюу Толгойд олон улсын стандартад нийцсэн нисэх буудал барина. Нисэх буудал нь Зорчигчдод үйлчлэх танхим, удирдлагын цамхаг, дагалдах байгууламж, хатуу хучилттай буух зурвас, навигацийн үйлчилгээ, хамгаалалтын хашаа зэргээс бүрдэх юм. Тендерийн үнэлгээний ажил хийгдэж байгаа.

  • Гашуун Сухайт боомтын шинэчлэлийн ажил

    Төсөв: 1.8 сая ам.доллар
    Монголын гэрээт компаниуд сууцны барилга, ариун цэврийн байгууламж, оффис, үйлчилгээний байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн. 2011 онд дараагийн шатны ажлууд эхэлнэ.

  • Гашуун Сухайт боомтын лабораторийн ажил

    Төсөв: 1.6 сая ам.доллар
    Монгол Улсын Засгийн Газраас баталсан Гашуун Сухайт боомтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу гааль, мэргэжлийн хяналтын албанд ашиглагдах лабораторийн барилга, шинжилгээний багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах ажлыг Монголын гэрээт компаниуд гүйцэтгэнэ.

  • Баян-Овоо сумын спорт, олон нийтийн цогцолбор

    Төсөв: 550,000 ам.доллар
    Монголын гэрээт компаниуд Баян-Овоо суманд спорт, олон нийтийн цогцолбор барих ажлыг гүйцэтгэхээр 2011 оны 5 дугаар сард ажлаа эхэлсэн.

  • Даланзадгад дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөл

    Төсөв: 1,25 сая ам.доллар
    Монголын гэрээт компаниуд Даланзадгад дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өргөтгөл, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах ажлыг гүйцэтгэнэ. Тендерийн үнэлгээний ажил хийгдэж байна.

  • Даланзадгад дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байр

    Монголын гэрээт компаниуд 100 гаруй оюутны багтаамжтай дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэх бөгөөд зураг төслийг боловсруулах тендерийг ойрын хугацаанд зарлахаар бэлдэж байна.

  • Оюу Толгой ХХК-ийн Ханбогд сумын оффисын барилга

    Төсөв: 900,000 ам.доллар
    Монголын гэрээт компаниуд Ханбогд суманд Оюу Толгой компанийн 20 хүний багтаамжтай оффисын цогцолборыг барина. Тендерийн үнэлгээний ажил хийгдэж байна. 2011 онд 12 айлын орон сууцны ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.

  • Ханбогд дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлийн төв

    Төсөв: 1,35 сая ам.доллар
    Монголын гэрээт компаниуд Ханбогд суманд шинээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв барих, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгэнэ. Тендерийн үнэлгээний ажил хийгдэж байна.

  • Даланзадгад дахь Бизнес хөгжлийн төв

    Төсөв: 680,000 ам.доллар
    Монголын гэрээт компаниуд Даланзадгад дахь Бизнес хөгжлийн төвийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг амжилттай гүйцэтгэж 2011 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн

  • Чойр дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

    Төсөв: 1.9 сая ам.доллар
    Монголын гэрээт компаниуд сургалтын 10 өрөө, том танхим, 60 оюутны дотуур байраас бүрдэх төвийг барьж сургалтын тоног төхөөрөмж, тавилгыг нийлүүлж суурилуулна. Энэ нь одоо байгаа барилгатай холбогдох 2 давхар шинэ барилга байх юм. Архитектур зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

  • Дархан дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөл

    Төсөв: 1.5 сая ам.доллар
    Монголын гэрээт компаниуд одоо үйл ажиллагаа явуулж буй төвийн өргөтгөл, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах ажлыг гүйцэтгэнэ. Шав тавих ёслолын ажиллагаа 2011 оны 5 дугаар сарын 19-нд хийгдэнэ.

  • Дархан дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байр

    Монголын гэрээт компаниуд 100 гаруй оюутны багтаамжтай дотуур байрны өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Зураг төслийг боловсруулах тендерийн ажлыг ойрын хугацаанд зарлахаар бэлдэж байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей “Монголын бизнесийн байгууллагуудыг дэмжих нь Оюу Толгойн гол үнэт зүйлсийн нэг бөгөөд бидний хэрэгжүүлж буй барилгын олон төслүүдийг Монгол компаниуд гардан гүйцэтгэж буйг харахад бахархалтай байна” хэмээн тэмдэглэн хэллээ.

Түүнчлэн Оюу Толгой – Гашуун Сухайт чиглэлийн хатуу хучилттай замын барилгын ажил эхлээд байна. Энэ төсөл нь 100 сая ам.доллараар хэрэгжих бөгөөд ажлын 80%-ийг Монгол компаниуд гүйцэтгэхээр шалгараад байна.

Монгол – БНХАУ-ын хил хүртэл тавигдах 220 Квт-ын цахилгаан дамжуулах шугамын 30 сая ам.долларын өртөгтэй ажил эхлээд байгаа ба уг ажлын 60%-ийг Монгол компаниуд гүйцэтгэнэ.

 Оюу Толгойн Хангамжийн бодлого

Бид Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний үзэл баримтлалын хүрээнд бидний хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартад нийцсэн, чанар, үйлчилгээ, өрсөлдөхүйц үнэ, техникийн ур чадвар харуулах, гэрээний үүргээ чанд биелүүлж чадах ханган нийлүүлэгчдийг үргэлж эрэлхийлж байдаг.

Бид орон нутгийн боломжит ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж Монгол Улсад чадварлаг, өрсөлдөхүйц, чанарын баталгаатай, тогтвортой ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, техникийн стандартуудыг хангахад анхаарч ажилладаг.