Өмнөговь аймгийн бизнесийн хөгжлийг дэмжих урт хугацааны зорилтын дагуу зэс-алтны томоохон орд болох Оюу Толгой нь төслийн талбайд хүнсний дэлгүүр, гар урлалын дэлгүүр, үсчин бүхий үйлчилгээний төвүүдийг тус тус байгууллаа. Уг үйл ажиллагаа нь “Монголчуудад давуу эрх олгох” санаачилгын дагуу явагдаж байгаа. Уг санаачилгын гол зорилго нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг тодруулж тэдэнд Оюу Толгойтой хамтран ажиллах боломжийг бий болгоход оршино.
Оюу Толгой компанийн Ашиглалтын Хангамжийн хэлтсээс Ханбогд суманд хүнсний дэлгүүрийн үйлчилгээ явуулж байгаа тус сумын иргэн Н.Уранчимэгийг шалгаруулан, бизнесийнхээ үйл ажиллагааг улам өргөжүүлэн тэлэх боломжийг олгож дэмжлэг үзүүллээ. Иргэн Н.Уранчимэг хэлэхдээ “Оюу Толгойд дэлхийн олон орны 5000 гаруй хүн ажиллаж амьдарч байна. Төсөлд ажиллаж байгаа хүн бүхэн миний хэрэглэгч учраас надад том боломж олгож байгаа юм. Надад энэ үйл ажиллагааг эхлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлсэн Оюу Толгойд талархлаа илэрхийлж байна” хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Гар урлалын дэлгүүрт Өмнөговь, Дархан, Баян-Өлгий, Улаанбаатарт гар урлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 16 урчууд бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Даланзадгад сумын хөгжлийн бэрхшээлтэй таван иргэдээс бүрдэж буй холбоо болох “Монгол Өргөө”-гийн гишүүн юм. Энэхүү холбоог ажиллуулж буй Д.Даргахүү хэлэхдээ: Уг явуулж буй үйл ажиллагаа нь олон давуу тал бүхий ач холбогдолтой юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр холбоондоо шинэ тоног төхөөрөмж худалдан авах, мөн цаашлаад илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилготой юм.
Мөн дэлгүүр байгуулснаар зөвхөн орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжээд зогсохгүй уурхайн ажилчдад бэлэг дурсгалын зүйлсийг ар гэрийхэн, найз нөхөддөө авах боломжийг олгож байна.
Оюу Толгой компаний Ашиглалтын Хангамжийн хэлтэс нь захиалга өгч Монголын Үсчдийн Холбоогоор дамжуулан Даланзадгадын 15 үсчдийг сургалтанд хамруулж, тэдгээрээс шалгарсан 4 үсчдийг Оюу Толгойн төслийн талбайд ажиллуулж байна. Тус компанийн Орон нутгийн хангамжийн асуудлыг хариуцсан Ахлах мэргэжилтэн Б. Цэрэнчимэд хэлэхдээ “Орон нутгийн бизнесүүд ба үйлдвэрлэгчдийг ОТ ханган нийлүүлэгч болгохоор дэмжиж бодитой хувь нэмэр оруулах ажил эрхэлж байгаадаа баяртай байна. Үйл ажиллагааны явцад орон нутгийн иргэдийн бизнес хөгжиж, тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүчин чадал нь нэмэгдэж илүү сайн тоног төхөөрөмжтэй болж байгаа төдийгүй, орон нутагтаа шинэ ажлын байруудыг бий болгож байгаа нь ажиглагдаж байна. Цаашид Өмнөговийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд нэмэгдэж Оюу Толгой компанитай хамтран ажиллаж бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулан, манай идэвхитэй ханган нийлүүлэгчдийн нэг болно гэдэгт итгэж байна” гэдгээ илэрхийллээ.
Холбогдох зургийн цомгийг энд дарж үзнэ үү.
Хариулт үлдээнэ үү