Гурван талт зөвлөл

Ханбогд сумын Гурван талт зөвлөл нь Ханбогд сумын засаг захиргаа, малчид, “Оюу толгой” ХХК-ийн талаас тэнцүү тооны төлөөлөлтэйгөөр 2015 онд байгуулагдсан. Гурван талт зөвлөл нь бэлчээр, ус болон малчдын нийгмийн холбогдолтой тулгамдсан асуудлаар хэлэлцэж, хамтарсан шийдвэрийг гаргадаг механизм юм.

Зөвлөлийн үйл ажиллагаа 2012-2013 онд Эрх зүйн нийцэл, хяналт, зөвлөгөө, Омбудсмэний газарт Ханбогд сумын хэсэг малчдын гаргасан гомдлуудыг барагдуулах шийдэл, арга замыг хамтран эрэлхийлэхээс эхлэлтэй.

Улмаар 5 жил гаруй маргааныг шийдвэрлэх үйл явцын үр дүнд 2017 оны 05 дугаар сард Ундай голын урсацыг тохируулахтай холбоотой гомдол, 2004 ба 2011 оны нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдолуудтай холбоотой Малчдын Гомдлыг Барагдуулах хоёр гэрээг тус тус байгуулсан. Энэхүү гэрээнүүдэд 59 ажлыг хийхээр тохирсон ба хийхээр тохирсон ажил тус бүрт гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, хариуцах талыг тодорхойлсон.

2018 оны 11 дүгээр сард Гурван талт зөвлөлөөс гомдол барагдуулах ажиллагааны хэрэгжилт хангалттай гэж дүгнэсний үндсэн дээр зөвлөлийн үйл ажиллагаа цаашид Омбудсмэний газрын эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо, хяналтгүйгээр талуудын итгэлцэл дээр суурилан үргэлжлэх болсон.

Малчдын гомдлыг барагдуулах үйл явцад мониторинг хийсэн дүгнэлт, талуудын сэтгэл ханамж зэрэгт үндэслэн Омбудсмэний газар гомдлуудыг албан ёсоор хаасан. Омбудсэний газар, Гурван талт зөвлөл хамтран 2019 оны 03 дугаар сард малчдын гомдлыг хаах албан ёсны арга хэмжээг зохион байгуулсан. Улмаар төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, санхүүжүүлэгч байгууллага болон хөгжлийн агентлагуудын төлөөлөгч нарыг урьж туршлага хуваалцах уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан.

Ханбогд сумын Гурван талт зөвлөлд оролцогч талууд болох Ханбогд сумын засаг захиргаа, Ханбогд сумын малчид, “Оюу толгой” компани Малчдын гомдол барагдуулах хоёр гэрээний хэрэгжилтийг хангахын төлөө тууштай ажиллаж байна.