Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан

“Оюу толгой” компани нь 2015 онд Өмнөговь аймаг, Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, энэ хүрээнд тус компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-г (ГОХДС) 2015 оны 9 дүгээр сард үүсгэн байгуулсан. “Оюу толгой” компани орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин тус сангаар дамжуулан жил бүр 5 сая ам доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгож байна.

Гэрээгээр талууд дараах сэдвийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Үүнд:

  • Усны менежмент
  • Байгаль орчны менежмент (нөхөн сэргээлт, биологийн төрөл зүйл болон экологийн тэнцвэрт байдал)
  • Уламжлалт мал аж ахуй ба бэлчээрийн менежмент
  • Үндэсний түүх, соёл, аялал жуулчлал
  • Нийгмийн суурь үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт ба хөдөлмөр эрхлэлт)
  • Орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, тэдгээрээс бараа, үйлчилгээ худалдан авах
  • Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслүүд.

2021 оны 4-р улирлын байдлаар Говийн оюу сан орон нутагт тогтвортой хөгжлийг бий болгоход чиглэсэн 82.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 304 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж үр шимийг нь давхардсан тоогоор 680 мянга гаруй ард иргэд хүртээд байна. . Үүний зэрэгцээ тус сан “Ирээдүй хойч үеийн сан”, бичил зээлийн хөтөлбөр, хамтарсан санхүүжилт болон орон нутагт чиглэсэн хандив тусламжийн үйл ажиллагааг явуулдаг. Сангийн үйл ажиллагаанд орон нутаг болон “Оюу толгой” компанийн төлөөлөл шууд оролцож, хяналт тавьдгаараа Монголдоо болон олон улсын түвшинд шинэлэг хэлбэр, амжилт болж байна.