Тэргүүн Хатагтайн илтгэл хандивлагчдад хүрч, уул уурхайн компани томоохон хандив өргөлөө
Улаанбаатар хот, Монгол улс (www.ot.mn) – Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн илтгэл улс орны эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулагдах 2.5 тэрбум төгрөгийн хандивыг цуглуулахад гол үүрэг гүйцэтгэлээ хэмээн өнөөдөр мэдэгдлээ. Тэргүүн хатагтай энэ сарын 15, 16-ны өдрүүдэд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо болсон хандивын арга хэмжээнд оролцон 1800 гаруй оролцогчдын өмнө үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээг Өмнийн говьд Оюу Толгойн уурхайг удирдан ажиллуулж буй Рио Тинто компани ивээн тэтгэсэн юм.
C.U.R.E. төслийн Тэргүүн хатагтай нарын нэрэмжит зоог (Дэлхийн улс орнуудын Тэргүүн хатагтай нарын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг жил тутмын хандивын арга хэмжээ) –т хүрэлцэн ирсэн зочдод Тэргүүн хатагтай хандан үг хэлжээ. C.U.R.E. төсөл нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор чухал шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дэлхийн улс орнуудыг хангах үйл ажиллагаа явуулдаг буяны төсөл юм. Тоног төхөөрөмжүүдийг 2012 оны эхээр нийлүүлэхээр болсон байна.
C.U.R.E. төсөл нь энэ жил Монгол улсад өөрийн цуглуулсан хандиваа өгч, үр дүнг нь хүргэхээр сонгон авсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон арга хэмжээний үеэр цуглуулсан хандив нь эмнэлгийн хэрэгсэл худалдан авч 2012 онд Монгол улсын эмнэлгүүдэд түгээхэд зарцуулагдах юм.
Тэргүүн Хатагтай өөрийн илтгэлдээ Монгол улс дахь эрүүл мэндийн асуудлуудыг цохон дурдаж, оролцсон төлөөлөгчдийн хүчин чармайлт, нэмэр хандив нь олон улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үзүүлж болох боломжит өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй дурджээ. Рио Тинтог төлөөлөн Хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Элисон Каттлер үг хэлсэн байна.
Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал, Рио Тинто компанийн Суурин төлөөлөгч Камерон МакРэй хэлэхдээ C.U.R.E. төслийн арга хэмжээг ивээн тэтгэж, Тэргүүн хатагтайн зүгээс АНУ-д хүрэлцэн ирж үг хэлэхэд дэмжлэг үзүүлсэндээ баяртай буйгаа илэрхийлсэн байна.
“Рио Тинто нь C.U.R.E. төслийн Тэргүүн хатагтай нарт зориулсан долоо дахь удаагийн албан ёсны өдрийн зоогийн ивээн тэтгэгч болсондоо тун баяртай байгаа бөгөөд Тэргүүн хатагтайн хамтаар үг хэлэх боломж олдсон нь гүн хүндэтгэлтэй хэрэг билээ”.
“Рио Тинто нь Монгол улсыг Мянганы хөгжлийн зорилтуудаа хангах, тэр дундаа эх нялхсын эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг дэмжлэг үзүүлж байдаг” хэмээн тэрээр нэмж хэлжээ.
Рио Тинто Группын Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Алисон Каттлер Монгол Улсын Тэргүүн хатагтайн хамт
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү