Тэргүүн хатагтайн хэлсэн үг ихээхэн хэмжээний хандив цуглуулж, уул уурхайн компани гол ивээн тэтгэгч болжээ
Монгол улсын Тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа өнгөрсөн долоо хоногт АНУ-д ажиллаж Монголын эмнэлгүүдэд зориулан хандив цуглуулах үйл ажиллагаанд оролцон үг хэлсэн тухай өнөөдөр мэдээллээ. Тэргүүн хатагтай 2011 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Колорадо мужийн Денвер хотод айлчлан, Өмнөговь аймагт Оюу Толгойн төслийг удирдан ажиллуулж буй Рио Тинто компанийн ивээн тэтгэсэн томоохон хэмжээний хандив цуглуулах үйл ажиллагаанд уригдан ирсэн 1800 гаруй төлөөлөгчдөд хандан үг хэлсэн байна.
C.U.R.E. төслийн Тэргүүн хатагтай нарын нэрэмжит зоог(Дэлхийн улс орнуудын Тэргүүн хатагтай нарын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг жил тутмын хандивын арга хэмжээ) –т хүрэлцэн ирсэн зочдод Тэргүүн хатагтай хандан үг хэлжээ. C.U.R.E. төсөл нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор чухал шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дэлхийн улс орнуудыг хангах үйл ажиллагаа явуулдаг буяны төсөл юм. Зоогийн үеэр 1500 гаруй чек цугларсан бөгөөд хандивын тооцоог гаргах ажил хийгдэж буй юм.
C.U.R.E. төсөл нь энэ жил Монгол улсад өөрийн цуглуулсан хандиваа өгч, үр дүнг нь хүргэхээр сонгон авсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон арга хэмжээний үеэр цуглуулсан хандив нь эмнэлгийн хэрэгсэл худалдан авч 2012 онд Монгол улсын эмнэлгүүдэд түгээхэд зарцуулагдах юм. (Өнгөрсөн жилийн арга хэмжээний хүрээнд цуглуулсан олон сая долларын хандивыг Панам улсын ард иргэдэд зориулжээ).
Тэргүүн хатагтай хэлсэн үгэндээ Монгол улс дахь эрүүл мэндийн асуудлуудыг цохон дурдаж, оролцсон төлөөлөгчдийн хүчин чармайлт, нэмэр хандив нь олон улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үзүүлж болох боломжит өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй дурджээ. Рио Тинтог төлөөлөн Хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Элисон Каттлер үг хэлсэн байна.
Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал, Рио Тинто компанийн Суурин төлөөлөгч Камерон МакРэй хэлэхдээ C.U.R.E. төслийн арга хэмжээг ивээн тэтгэж, Тэргүүн хатагтайн зүгээс АНУ-д хүрэлцэн ирж үг хэлэхэд дэмжлэг үзүүлсэндээ баяртай буйгаа илэрхийлсэн байна.
“Рио Тинто нь C.U.R.E. төслийн Тэргүүн хатагтай нарт зориулсан долоо дахь удаагийн албан ёсны өдрийн зоогийн ивээн тэтгэгч болсондоо тун баяртай байгаа бөгөөд Тэргүүн хатагтайн хамтаар үг хэлэх боломж олдсон нь гүн хүндэтгэлтэй хэрэг билээ”.
“Рио Тинто нь Монгол улсыг Мянганы хөгжлийн зорилтуудаа хангах, тэр дундаа эх нялхсын эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг дэмжлэг үзүүлж байдаг” хэмээн тэрээр нэмж хэлжээ.
Рио Тинто Группын Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Алисон Каттлер Монгол Улсын Тэргүүн хадагтайн хамт
Хариулт үлдээнэ үү