ӨМНӨГОВЬ, ХАНБОГД СУМ – Монгол Улсын Ерөнхий Сайд Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд, УИХ, Засгийн Газрын гишүүд, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийн хамт 2010 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Оюу Толгой ХХК-д зочлохоор боллоо.
Ерөнхий Сайд С.Батболд дагалдан яваа хүмүүсийн хамт Оюу Толгойн барилгын талбайгаар зочилж, төслийн явцтай биечлэн танилцана. Оюу Толгойн барилгын ажил 2010 оны 4 дүгээр сард бүрэн хэмжээгээр эхэлсэн бөгөөд одоогоор 3000 гаруй Монгол ажилчид ажиллаж байна.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Кийт Маршалл “Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд, Засгийн Газрын гишүүдийн хамт Оюу Толгой төслийн талбайд айлчилж буй нь манай хамт олны хувьд нэр хүнд, хүндэтгэлийн хэрэг болж байна. Бид Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойшхи ахиц дэвшлүүд, 2013 онд зэс-алтны үйлдвэрлэлийг эхлүүлэхээр шат дараатайгаар хийгдэж буй өргөн цар хүрээтэй ажлуудаа танилцуулна.” гэж тэмдэглэлээ.
“Оюу Толгой төсөл нь Монголын нийгэмд тун чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид Монгол ажилчдыг сургаж дадлагажуулах, дотоодын компаниудаас бараа бүтээгдэхүүн худалдан авах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энэхүү айлчлал нь уурхайд ашиглагдах сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд үзүүлэх боломжийг олгож байна.”
Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт дараах барилгын хэсгүүдээр явж танилцана. Үүнд:
- Ирээдүйн зэс баяжуулах үйлдвэр, хүдэр зөөвөрлөх хоолой, конвейер, бутлуурын байгууламжийн суурийн ажил;
- Газрын 1300 метрийн гүнд явагдаж буй гүний уурхайн хөндлөн нэвтрэлт
- 10 метрийн диаметртэй 2 дугаар босоо амны цамхагийн барилга, агааржуулалт, конвейерийн барилгын ажил
- Бетон зуурмагийн үйлдвэр
Мөн зочид Оюу Толгойг анх нээсэн газар, 1 дүгээр босоо ам, болон ирээдүйн ил уурхайн талбайтай танилцана.
Хариулт үлдээнэ үү