“Оюу толгойн санхүүжилттэй Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Өмнөговь аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭКОБУС хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нээж үг хэллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүрэлцэн ирсэнд бидний зүгээс гүнээ талархаж байна.
Оюу толгойчууд бид алсын хараагаа “Эрдэс баялагаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” хэмээн эрхэмлэн томъёолсон байдаг. Энэхүү алсын харааг ажил болгох зорилгын хүрээнд 2015 оны 04 сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу толгой компани хооронд “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж уг гэрээгээ хэрэгжүүлэх зорилгоор Говийн Оюу хөгжлийг дэмжих санг мөн оныхоо 9 сард байгуулсан.
Хамтын ажиллагааны гэрээний дагуу Оюу толгой компаний зүгээс жил бүр 5 сая ам долларыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар зарцуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд сангаас нийт 26.7 тэрбум төгрөгөөр Хамтын ажиллагааны сэдэвчилсэн хавсралтууд болох Усны менежмент, байгаль орчны менежмент, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежмент, үндэсний түүх соёл ба аялал жуулчлал, нийгмийн суурь үйлчилгээ /эрүүл мэнд, боловсрол, сургалт/, нийгмийн дэд бүтэц ба хөрөнгө оруулалт гэсэн чиглэлээр нийт 65 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байна.
Төсөл хөтөлбөрүүдээс тоймлон дурдахад:
2015 онд: Даланзадгад суманд 200 хүүхдийн 25, 26-р цэцэрлэг,
2016 онд: Даланзадгад сумын 2-р сургуулийн спорт заал, Баяновоо суманд 10 ортой хүн эмнэлэг
2017 онд: Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын барилгыг эхлүүлж, Сум дундын малын эрүүл мэнд нэгдсэн төвийн оффис, 4 айлын орон сууц, авто граж, малын саравч зэргийг хамтад нь барьж тус төвд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр хангасан.
Манлай, Ханбогд сумдад уурын зуухны барилгыг шинээр барих, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн зэрэг дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн.
Нийгмийн дэд бүтцийн дээрх томоохон төслүүдээс гадна олон тооны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь өнөөдөр Монгол хүний гараар бүтсэн, байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг хүлээлгэн өгч буй Даланзадгад суманд хэрэгжиж байгаа “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ” хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрөөр Даланзадгад суманд монгол инженерүүдийн зохион бүтээсэн 12 хүний суудалтай J-800EV-3 загварын 8ш цахилгаан автобусыг нийлүүлэх бөгөөд ашиглалтын зааварчилгааны сургалт явуулах, автобуснуудад Монгол-GPS загварын байршил тогтоогч болон цахим төлбөрийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг үйлчилгээ багтах юм.
Хөтөлбөрийн үр дүнд Даланзадгад сумын төвийн 5 чиглэлд автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж алслагдсан гэр хорооллын иргэд, хүүхдүүд ажил, сургуульдаа ирж, харихдаа хямд үнэтэй, ая тухтай автобусаар үйлчлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан дээрх автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх, аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах зэрэг эерэг үзүүлэлтүүд гарах юм.
Энэ ажлыг хамтран санхүүжүүлж хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн ЗДТГ, гүйцэтгэгчээр ажиллаж монгол залуусын гараар эх орондоо энэхүү автобусуудыг үйлдвэрлэсэн Экологбус компанийн удирдлага хамт олон, эх орондоо үйлдвэрлэсэн автобуснуудаа хариуцан ажиллаж орон нутгийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гардан хариуцахаар ирсэн Даланзадгад сумын удирдлага хамт олон, жолооч тээвэрчиддээ “Оюу толгой” компани, тус компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Хариулт үлдээнэ үү