Монголын цор ганц шүршдэг бетон үйлдвэрлэгч компани Оюу толгойн гүний уурхайн төсөлд гар бие оролцож байна

100 % дотоодын хөрөнгө оруулалттай “Премиум конкрит” компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсанаас хойш дайргын карьер, чулуу бутлуур, хиймэл элс, бетон зуурмагийн үйлдвэрүүд, лаборатори болон тээвэрлэлт, цутгалтын үйлчилгээ зэрэг үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад мэргэшиж, Америкийн “Үндэсний холимог бетоны бэлэн зуурмагийн ассоциаци”-аас итгэмжлэгдсэн анхны монгол компани болжээ.

Тус компани 580 ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр Оюу толгойн уурхайд зөөврийн болон бутлуурын үйлдвэр нийлүүлэлт, угсралт, үйл ажиллагаа, бетон зуурмагийн үйлдвэр #3-ын үйл ажиллагааг хариуцан явуулдгаас гадна Оюу толгойн гүний уурхайн төсөлд бетон зуурмагийг нийлүүлэх зуурмагийн үйлдвэр #4-ийн барилгын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн амжилттай гүйцэтгэж байна.


Барилгын ажлын хүрээнд тус бүр нь цагт 120 шоо метр бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, түүхий эд хүлээн авах дөрвөн бункер бүхий хоёр бетон зуурмагийн үйлдвэр суурилуулж байгаа юм. Хойд үйлдвэр нь бүхэлдээ газрын гүнд ашиглах шүршдэг бетон үйлдвэрлэх зориулалттай бол өмнөд нь барилгын бетон болон бусад хуурай цементэн хольц үйлдвэрлэх юм. Одоогийн байдлаар зуурмагийн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад нэн шаардлагатай бусад байгууламжууд баригдаад байна. Үүнд: Ууттай цементийг задлах явцад гардаг тоосонцрыг гаргалгүйгээр өндөр даралтаар шахдаг төхөөрөмж бүхий агуулах, жилийн дөрвөн улиралд дүүргэгч материалын температурыг тогтмол хэмд байлгах зориулалттай халаалт, хөргөлтийн систем бүхий агуулах, цахилгаан болон дулааны дэд өртөөнүүд багтаж байна. Түүнчлэн халаалттай угаалгын станц багтах бөгөөд энэ байгууламж нь холигч болон бетон шахагч машин угааснаас гарах хаягдал усыг 95 хувь хүртэл цэвэршүүлж, дахин ашиглана.Уг барилгын ажлыг Монгол компаниуд гардан гүйцэтгэхийн зэрэгцээ хэрэгцээт бараа материалыг мөн нийлүүлж байгаа нь бахархууштай юм.