Өмнөговь аймаг, Оюу Толгой – Монголын бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, Хамба лам Д.Чойжамц Оюу Толгой төсөлд зориулан ерөөл айлдах ёслолд нутгийн иргэд, Оюу Толгойн ажилчид өргөнөөр оролцон уламжлалт ёс заншил, соёлын холбогдолтой нэгэн өдрийг тэмдэглэн өнгөрөөлөө. Энэхүү ёслолын ажиллагаанд мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн, Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба нар оролцлоо.
Хамба лам Оюу Толгойн уурхайн бэлтгэлтэй танилцан, уламжлалт морин хуур, уртын дууны тоглолтыг үзэж сонирхлоо. Хамба лам мөн энэхүү дэлхийн хэмжээний, тэргүүлэх технологи бүхий уурхай болон уламжлалт, өв соёлыг холбосон үйл ажиллагаанд хуран цугларсан уурхайн ажилтнууд, нутгийн иргэдтэй уулзан ярилцлаа.
Ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Хамба лам Монгол улсын хөгжил цэцэглэлд оруулах Оюу Толгойн ач холбогдлыг цохон тэмдэглэж “Өнөөдөр бид олон зуун жилийн туршид өвлөгдөн ирсэн уламжлалт зан заншлаа хүндэтгэн, энэхүү уламжлалыг ирээдүй хойч үедээ өвлүүлж Оюу Толгой зэрэг шинэ төслүүдийн үр дүнд Монгол улс цэцэглэн хөгжихийг билэгдэн ерөөж байна” хэмээн хэллээ.
Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж Оюу Толгой төсөл болон орон нутгийн өв соёлын хоорондын нандин холбоосыг тодруулан гаргаж өгсөн Хамба ламтанд талархлаа илэрхийлье. Ирэх хагас зуун жилд Монгол хүн бүр Оюу Толгой төслийн эдийн засгийн үр шимийг хүртэх болно. Бидний зүгээс мөн Монгол улс нь соёлын хувьд ч Оюу Толгойн үр дүнг хүртэх ёстой гэдэг байр сууринд байгаа” хэмээн хэллээ.
Компанийн зүгээс өөрийн хэрэгжүүлж буй Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд одоогоор 1,3 тэрбум төгрөгийг орон нутгийн өв, соёлыг бүртгэх, сэргээхэд зориулан зарцуулаад байна. Тус хөтөлбөр нь түүхэн дурсгалт газрууд, археологийн үнэт зүйлс болон олдворууд түүнчлэн зан заншил, хэл болон нүүдэлчдийн соёл иргэншлийн бусад зүйлс зэрэг биет бус өвүүдийг хамарч буй юм.
Оюу Толгойн Соёлын өвийн хөтөлбөр нь одоогоор шинээр нээгдээд буй олон тооны чухал олдворуудыг бүртгэн аваад буй бөгөөд эдгээрийн тоонд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Палентологийн тэнхимд шилжүүлсэн динозаврын 23 өндөг, Жавхлант баг дахь шинээр олдсон хиргэсүүр, Ханбогд суман дахь хадны бичээс, Галбын Говь дахь 2000 гаруй жилийн настай шавар хэрэм зэрэг багтаж байна.
Уурхайн үйл ажиллагааны явцдаа Оюу Толгой нь археологич, палентологич, түүхч болон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий багийг ажиллуулан түүх, археологийн чухал ач холбогдолтой олдворуудыг судлан, хамгаалах болно.
Хариулт үлдээнэ үү