"Оюу Толгойтой хамтран ажилласнаар зах зээл дээрхи нэр хүндээ өсгөж, найдвартай гэрээлэгч гэдэг үүднээс бусад газартай хамтран ажиллахад нэр хүндийг өсгөж өгч байгаа"
Оюу Толгой компанитай 2000 оноос геофизикийн хайгуул судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа эхлүүлж, үүний дараа геодезийн чиглэлийг нэмж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд барилга байгууламж, зам, далд уурхай, нисэх буудал, усны хоолойн ажлуудын гүйцэтгэлд оролцжээ.
Оюу Толгой ХХК-тай Монголын 2000 гаруй ханган нийлүүлэгч төслийн хугацаанд хамтран ажилласан байдаг. Зөвхөн 2011 онд 1700 орчим компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлжээ. Эдгээр газрын нэг бол Геомастер ХХК юм. Тус компани Оюу Толгой компанитай 2000 оноос геофизикийн хайгуул судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Үүний дараа геодезийн чиглэлийг нэмж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд барилга байгууламж, зам, далд уурхай, нисэх буудал, усны хоолойн ажлуудын гүйцэтгэлд оролцжээ. Мөн Оюу Толгой орчмын байр зүйн зураг, байршлын сүлжээ байгуулах ажлуудыг гүйцэтгэсан байна. Одоо Оюу Толгой төслийн талбай дээр 40 гаруй хүмүүс ээлжээр ажиллаж, геодезийн хөндлөнгийн хяналт хийж байгаа аж.
Анх 20 орчим хүн ажиллаж байсан бол тоогоо нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 60 орчим үндсэн ажилтан, гэрээт хүмүүстэйгээ нийлээд 80 гаруй хүн ажиллаж байна. Зөвхөн ажлын байраа нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүмүүсийнхээ цалин хангамжийг ч сайжруулжээ.
Геомастер ХХК-ийн Ерөнхий захирал Ц. Мөнхтогтох “Компанийн өсөлт хөгжилтийг олон байдлаар хэлж болно. Хүмүүсийн хувьд мэдлэг, чадвар нэмэгдсэн. Мэргэжлийн талаасаа их өсөж хөгжиж байгаа. Бидний хувьд Оюу Толгойтой хамтран ажиллахад хүнд сурталгүй, бие биенээ ойлгодог. Хамгийн гол нь шуурхай. Асуудлыг бүх хэлбэрээр шуурхай дор доор нь шийдээд явдаг” хэмээн хэллээ. Мөн компанийн хувьд Оюу Толгойтой хамтран ажилласнаар зах зээл дээрхи нэр хүндээ өсгөж, найдвартай гэрээлэгч гэдэг үүднээс бусад газартай хамтран ажиллахад нэр хүндийг өсгөж өгч байгаа гэнэ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалттай хайгуулын болон ашиглалтын чиглэлээр ажиллаж байгаа компаниудын ажлыг давхар гүйцэтгэх болжээ.
Хайгуулынх, далд уурхайнх гээд олон чиглэлээр ажилласнаар компанийн хувьд технологио сайжруулж, шинэ технологи ч хэрэглэх болжээ. Бас хүмүүс нь шинэ технологио богино хугацаанд эзэмшсэн гэнэ. Энэ бол Геомастер компани чадавхиа сайжруулсан нэг жишээ юм.
2012 оны 6 дугаар сарын 'Сарын шилдэг нийлүүлэгч'-ийн шилдэг гэрээлэгчээр шалгарсан Геомастер ХХК-ийн амжилтын түүхээс товчхон өгүүлэхэд ийм байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.