1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей цэвэр усны гачигдалд байгаа улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг тусгай урианы дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Манай улс энэхүү өдрийг 2005 оноос эхлэн тэмдэглэж, нүдэнд үл үзэгдэх далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ цэнийг нь олон нийтэд таниулах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан усны менежментийг сайжруулах үйл ажиллагааг тодорхой хэмжээнд явуулсаар байгаа нь жилээс жилд улам томорсоор байна.
Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах “Гүнээсээ хайрлая” мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
“Гүнээсээ хайрлая” аяны хүрээнд “Оюу толгой” компани усны зохистой хэрэглээний туршлагаа зөвхөн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймагаас гадна Монгол Улс даяар хуваалцах, бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг зохистой хэрэглээнд уриалах, усны салбарын судалгаа шинжилгээний ач холбогдлыг таниулах, дэмжих, иргэд хувь хүмүүсийн шинэлэг шийдлийг урамшуулах зорилгоор “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааныг санаачлан, энэ жил Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран зохион байгуулж байгаад бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах, илүү олон байгууллага, судлаачид, иргэдийг татан оролцуулах, зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Энэхүү шалгаруулалтад Монгол улсын өнцөг булан бүрээс усаа хайрлан хамгаалж, бодитой үр дүнд хүрье гэсэн хувь хүн, байгууллагууд өөрсдийн төслөө идэвхтэй илгээжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд усны салбарын хүндэт эрдэмтэд, хараат бус ТББ-ын төлөөллийг урьж оролцуулсан байна.
Ийнхүү олон хувь хүн, судлаач, аж ахуй нэгж байгууллага өрсөлдөж, өөрсдийгөө сорьсон уралдааны хариу 2024 оны гуравдугаар сарын 22-нд буюу “Дэлхийн Усны өдөр” тодорлоо. Шилдгүүдийг шалгаруулахдаа бүх шүүгчдийн оноог нэгтгэж дундажлан шилдэг байгууллага, шилдэг иргэн, шилдэг судлаач, судалгааны багийг шалгаруулжээ.
Энэ хүндтэй үйл явдлыг гэрчлэхээр 2024 оны гуравдугаар сарын 22-нд Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд салбартаа түүчээлэгч хүндэт зочин, гийчид Дэлхийн усны өдрийг тэмдэглэн хамтдаа нэгэн үдийг баяр баясал, итгэл дүүрэн өнгөрөөлөө. Гүнээсээ хайрлая усны шилдэг шийдлийн шагналын ёслолыг Усны газрын дарга З.Батбаяр болон “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар нээн үг хэлсэн юм.
Ийнхүү үйл ажиллагааны хүсэн хүлээсэн гол мөч ирж усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага сургамж бий болгосон “Шилдэг иргэн”-ээр Д.Басандорж тодорч, цом өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.
Түүний араас, сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан “Шилдэг судлаач, судалгааны баг” шагналыг Л. Бархас хүртсэн юм.
Харин сүүлийн шагнал болох усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн “Шилдэг байгууллага”-аар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК тодорч, цом өргөмжлөл, мөнгөн шагналыг нэр хүндтэйгээр гардан авчээ.
Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэйти Эйнсли Смит Австрали улсын “Гол мөрний менежментэд уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг тусгах нь” тэтгэлэгт хөтөлбөрийн батламжийг 15 төгсөгчдөд гардуулж, араас нь Гүнээсээ хайрлая усны шилдэг шагналыг хамтран зохион байгуулагч МУЗГХА Усны газрын нэрэмжит шагналын эзнийг тодруулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээ хүн бүхэнд усны үнэ цэнийг дахин нэг сануулж, усыг үр ашигтай зарцуулж, хайрлан, гамнахыг өргөн хүрээнд мэдрүүллээ гэдгийг хүрэлцэн ирсэн зочид онцолж байлаа. Гүний усыг дүрсэлсэн өвөрмөц шинэлэг орчинг бүрдүүлсэн нь арга хэмжээг чимж уур амьсгалд нөлөөлж байсныг дурдах нь зүйтэй байх.
Энэ жил анхлан амжилттай зохион байгуулагдсан, цаг үеэ олсон энэхүү шагнал ирэх жилүүдэд улам өргөжин усны салбарын онцлох том арга хэмжээ болон өргөжих нь дамжиггүй. Гүнээсээ хайрлая аяндаа баярлалаа.
“Оюу толгой” компаниас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Гүнээсээ хайрлая”аяныг олон нийтэд хүргэхдээ, мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй хамтран газрын доорх ус, Монгол Улсын усны нөөцийн талаарх бодит мэдээлэл, усны хэрэглээг таниулан түгээж байна. Мөн Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлд 150-400 метрийн гүнд байрлах, ундны усны стандартаас (1,000 мг/л) 3 дахин их эрдэсжилттэй (2,500-4,000 мг/л), унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй усыг ашигладаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологийг нэвтрүүлсэн.
БОАЖЯ-ны дэргэдэх Усны нөөцийн зөвлөлөөйр Оюу толгой уурхайн Гүний хоолойн газрын доорх усны ордын нөөцийг 918 л/сек гэж баталсан хэдий ч байгальд ээлтэй технологийн ачаар бид одоогоор зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин бага, дэлхийн ижил төстэй уурхайнуудаас гурав дахин бага ус ашиглалттай байгаа юм. Бид ахуйн зориулалттай усыг 98% дахин ашиглаж, уурхайн тоосжилт дарах, машин, техник угаах болон баяжуулах үйлдвэрийн технологийн усны хэрэгцээнд дахинашигладаг бол үйлдвэрлэлийн усныхаа дунджаар 86%-ийг дахин ашиглаж байна.
“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалтын арга хэмжээг зохион байгуулагч
“Майнд Плас” ХХК – 70111358; 80058013
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар – 51265528;
Вэб сайт: www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая;
Хариулт үлдээнэ үү