Хүдрийг гадаргуу дээр гаргах туузан дамжуулгын ам болон налуу малталтын багц ажлыг гүйцэтгүүлэх тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг “Оюу толгойн” цахим хуудсанд 2015 онд нээлттэй зарласан билээ. Үндэсний болон олон улсын олон компани тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн юм. Эдгээрээс гүний уурхайн малталтын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зургаан компанийг сонгож, өрсөлдөөнт тендерийг зохион байгуулсан.
“Оюу толгой” компанийн худалдан авалтын процесс болон бусад шаардлагын дагуу зарим ханган нийлүүлэгчийг үндэсний компаниудтай хамтрахыг зөвлөснөөр олон компани хамтарсан байдлаар оролцох санал ирүүлсэн юм. Тэдгээрээс “Тийсс”, “Хишиг арвин” компанийн хамтарсан компани тендерт ялсан билээ.
“Тийсс” бол уул уурхай, барилгын салбарт 80 гаруй жилийн түүхтэй, дэлхийн томоохон уул уурхайн үйлчилгээ үзүүлэгчдийн нэг, “Хишиг арвин” 20 гаруй жилийн туршлагатай, барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монгол компани юм. Одоогоор тус хоёр компанийн хамтарсан компани 189 ажилчны бүрэлдэхүүнтэйгээр Оюу толгойн уурхайд гадаргуу дээр хүдэр гаргах туузан дамжуулгын ам болон налуу малталтын төслийн барилгын ажил болох 16 км хонгилын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж байна.
“Хишиг арвин”, “Тийсс” компанитай хамтарснаар эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй ажиллагааны арга туршлагаа сайжруулсны зэрэгцээ чанарын баталгаа, хяналт тавих зарчмаа нарийвчлан хөгжүүлжээ. Үүнээс гадна хамтарсан компаниуд орон нутгийн ажилчдыг чадваржуулж, “Тийсс” компанийн олон улсад явуулж буй дэлхийн жишигт нийцсэн мэдлэг туршлагыг нэвтрүүлж байна.
“Оюу толгой” компанийн гэрээт компаниуд Монголдоо нэр хүндтэй, татвараараа тэргүүн эгнээнд жагсдаг. “Тийсс” компани cаяхан Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, 6 дугаар байрт эрэмбэлэгдсэнийг дуулгахад таатай байна.
Шилдэг технологи, өндөр чадвартай инженерүүдийг шаарддаг гүний уурхайн төсөлд гар, санаа нийлэн хамтран ажиллахын зэрэгцээ орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа “Тийсс Хишиг арвин” төслийн багт ажлын их амжилт хүсье!
Хариулт үлдээнэ үү