Бүх талаар өсөж, дэвжиж байна

“Оюу Толгой төсөл худалдан авалтаа дотоодын аж ахуй, компаниудаас нийлүүлж байгаа нь хамгийн том алхам юм"

Үүр тээл ХХК 2009 оноос Оюу Толгой компанитай хамтран ажиллаж, төмөр, төмөр хийцийн бүтээгдэхүүн нийлүүлэх болжээ. Өнгөрсөн хугацаанд Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар Үүр тээлийн хувьд бараа бүтээгдэхүүний захиалга хийх, тээвэрлэлт хийхэд цаг хугацаагаа тооцох зэрэг бүх талаараа өсөж дэвжиж байгаа юм.

Аливаа томоохон бүтээн байгуулалтад барилга болон үйлдвэрлэлийн зориулалтын олон бүтээгдэхүүн байнгын хэрэгцээ шаардлагатай байдаг. Тэгвэл Монголын хамгийн том бүтээн байгуулалт болох Оюу Толгой төсөл Монголын зуун зуун компани, аж ахуй ийм төрлийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт хийж байна. Эдгээрийн нэг бол Үүр тээл ХХК юм.

Тус компани 2009 оноос Оюу Толгой компанитай хамтран ажиллаж, төмөр, төмөр хийцийн бүтээгдэхүүн нийлүүлэх болжээ. Өнөөдөр 32 ажилчинтай үйл ажиллагаа явуулж, ачаалал ихтэй үедээ 15 хүн гэрээгээр ажиллуулж байна. Үүр тээл ХХК-ийн Ерөнхий захирал А.Даваадорж “Зуны цагт ачаалал ихэсдэг учраас хүний тоогоо нэмдэг. Төслийн талбай дээр 10-аад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод авчирж нийлүүлдэг” хэмээн ярилаа.

Төмрийн төрлийн бүтээгдэхүүний үндсэн шаардлага нь чанартай байх. Тиймээс олон улсын стандартын шаардлага хангасан байх ёстой. Тухайлбал, Рио Тинто компанийн уурхайнуудад хэрэглэдэг гүний уурхайн зориулалттай, тусгай төмрийн бүтээгдэхүүнийг зөвхөн үйлдвэрлэдэг газраас буюу АНУ, Швед улсаас захиалгаар нийлүүлж байна. Үүр тээл ХХК-ийн нийлүүлдэг бүтээгдэхүүний 80 хувь нь энгийн хэрэглээний төмөр байдаг бөгөөд түүнийгээ ОХУ, БНХАУ-аас авчирдаг аж.

Компанийн захирал нь “Оюу Толгой төсөл худалдан авалтаа дотоодын аж ахуй, компаниудаас нийлүүлж байгаа хамгийн том алхам боллоо. Хэдийгээр эхний үедээ бичиг цаасны ажил нь төвөгтэй юм шиг санагддаг байсан ч суралцах тал дээрээ ахиц гарсан. Энэ бол маш том хөрөнгө оруулалт” хэмээн онцолж байсан. Өнгөрсөн хугацаанд Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар Үүр тээлийн хувьд бараа бүтээгдэхүүний захиалга хийх, тээвэрлэлт хийхэд цаг хугацаагаа тооцох зэрэг бүх талаараа өсөж дэвжиж байгаа юм.

Монголчууд бурмаар биш урмаар тэтгэ гэж ярьцгаадаг. Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулдаг. Энэ ажлынхаа хүрээнд 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Үүр тээл ХХК 7 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.