Ус

Өмнөговийн бүс нутагт ус бол хамгийн нандин байгалийн нөөц баялаг юм. Бид гадаргын усны хүртээмжийг хадгалахын тулд үйл ажиллагааныхаа хэрэгцээний тэнцвэрт байдлыг хангаж, усны нөөцийг орон нутгийн ард иргэд болон ирээдүй хойч үедээ бүрэн дүүрэн үлдээхийн тулд болгоомжтой хандах үүрэгтэй.

Усны хэмнэлт
Бид дэлхийн хэмжээнд хамгийн их усны хэмнэлт гаргах жишгээр үйл ажиллагаагаа явуулж, ижил төстэй уурхайтай харьцуулахад нэг тонн хүдэр боловсруулахад ашиглаж буй усны талаас бага хэмжээний усыг ашиглаж байна.

Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр дээрх үр дүнд хүрсэн юм. Үүнд:

  • Хаягдлын сангийн усыг хэмнэлттэй ашиглах;
  • Хөргөлтийн усыг 100% дахин ашиглах;
  • Уурхайн гүний усыг 100% дахин ашиглах;
  • Ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэрлэж 100% дахин ашиглах;
  • Машин механизмын цэвэрлэгээний усыг 100% дахин ашиглах;
  • Усыг ууршихаас хамгаалсан арга хэмжээ авах;
  • Усыг ариг гамтай ашиглах.

Бид бохир усыг байгальд шууд хаяхгүй байх бодлого баримталдаг. Энэ нь “Оюу толгой” уурхайд усыг ууршиж алга болох хүртэл нь дахин ашиглана гэсэн үг юм.

Усны шинэ нөөцийг олж тогтоох
Монгол орны өмнийн говийн бүс нутаг нь хуурай цаг ууртайн дээр, уурхайн үйл ажиллагаа явуулж, хүн ам нь өсөн нэмэгдэж байгаа тул бид 2003 оноос хойш усны нарийвчилсан хайгуул судалгаа хийж байна. Дээрх судалгааны ажлын үр дүнд газрын гадаргаас 150 метрээс багагүй гүн буюу орон нутгийн ард иргэдийн унд, ахуй, мал усалгаанд ашигладаг хөрсний усны түвшнээс хамаагүй гүнд орших гүний усны нөөц бүхий геологийн тогтоц болох хоёр томоохон уст давхаргыг илрүүлсэн юм.

Бид ус ашиглах зөвшөөрлийн дагуу тус уст давхаргын 20-иос илүүгүй хувийг л 40 жилийн турш ашиглаж, үлдсэн усны ихэнх нь ирээдүй хойч үедээ газрын гүнд үлдэнэ.

Гидрогеологийн судалгаа, усны эрэл хайгуулын үр дүнд тогтоосон бусад усны нөөц байгаагийн дээр “Оюу толгой” уурхайд усны зохистой хэрэглээг хэвшүүлснээр уурхай болон орон нутгийн ард иргэдийн усны хэрэгцээг хангах хангалттай нөөц бий хэмээн үзэж байна.

Орон нутгийн ард иргэдийн усны хангамж
Бид орон нутгийн ард иргэдийн ашиглаж буй гар худгийн усны чанар, хэмжээг хамгаалах, орон нутгийн ард иргэдэд усны хангамжийн шинэ үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг эрмэлздэг. 2003 оноос хойш худаг, булаг шанд, гүний худгуудад өргөн хүрээнд хяналт шинжилгээ хийж ирсэн.

Бид хийж буй хяналт шинжилгээ, үнэлгээний ажлаа цаашид үргэлжлүүлж, гарсан аливаа асуудлыг үр дүнтэй шийдвэрлэнэ. Бидний үйл ажиллагааны улмаас орон нутгийн ард иргэдийн усны хэрэглээнд ямар нэгэн нөлөө гарвал тухайн ард иргэдийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нөлөөг арилгах үүрэг хүлээж, хэрэглэж байсантай нь дүйцэх хэмжээ, чанарын усаар хангах баталгаа гаргадаг.

Байгаль орчны хяналт шинжилгээний ажилд орон нутгийн ард иргэдийн оролцоог хангах, оролцуулах зорилгоор орон нутгийн ард иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хоёр талт хамтын зүтгэл нь бидний хяналт шинжилгээний ажлыг, мөн байгаль орчны ажлын гүйцэтгэлийн ил тод байдлыг сайжруулдаг.

Түүнчлэн, “Оюу толгой” компани Ханбогд сумын төвд усны шинэ эх үүсвэр олж тогтоох хайгуулын ажилд 1.7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Усны тогтвортой эх үүсвэрийн талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахад зориулж цаашид туршилт, загварчлал хийх болно.