Монгол эрчүүд урт наслах нь нийгэмд болон хувь хүний амьдралын сэтгэл ханамжид нөлөөлөх олон талын ач холбогдолтой. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт дэлхийн дунджаас бага, мөн эмэгтэй хүний дундаж наслалтаас даруй 9.7 жилээр бага байна. 2019 онд Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хорооноос хийсэн “Эрэгтэйчүүдийн суурь судалгааны тайлан”-д, Монгол эрчүүдийн 52% нь 60 нас хүрдэггүй тухай дурджээ. Дэлхийн бусад улс оронд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 3-5 жилийн хооронд хэлбэлздэг.
Монгол эрэгтэй хүн “урт наслах төсөөлөл” үүсгэж чаддаггүй учраас богино насалж буй тухай судалгаа бий. Хүүхэд наснаас бий болсон “Эрэгтэй хүн урт насалдаггүй” гэсэн бодол “гэр бүлээ авч явах” гэсэн нийгмийн тогтсон хариуцлагыг үүрдгээс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үргэлж хойшлуулдаг, тэтгэвэртээ гараад бусдад хэрэгтэй байх мэдрэмжийг авч чаддаггүй зэрэг сэтгэл зүйн хүчин зүйлээс үүдэн эрэгтэй хүний дундаж наслалт нэмэгдэхгүй байх талтай.
Онцлон дурдахад нийгэмд урт насалж буй эрэгтэй хүнээс илүүтэй, залуугаараа нас барж буй эрэгтэй хүний түүхүүд их байдаг тул эрэгтэй хүн урт наслах боломжгүй гэсэн айдас, итгэлгүй байдал хүмүүсийн дунд байдаг. Монгол эрчүүд бага балчраасаа өвөө, аав, ах, эргэн тойрон дахь эрэгтэй хүмүүсээ алдаж, 40 наснаас эхэлж найзуудаа ч гэсэн нэг нэгээр нь алдаж эхэлдэг. “Эрэгтэй хүн эрт өнгөрдөг, 60 хүрэхэд л болно, хүний гарт орж болохгүй” гэх мэт хэвшмэл ойлголтоос үүдэн эмнэлэг болон эмчээс зайлсхийснээр урьдчилан сэргийлж болох өвчлөл эмгэгт өртөж байгаа нь бодит үзэгдэл юм.
“80 насалъя” аян нь эрэгтэй хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл юм. Монгол эрэгтэйчүүдэд урт наслах төсөөллийг бий болгох, тэтгэвэрт гарсны дараах амьдралаас айх айдсыг бууруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой “Family College” “80 НАСАЛЪЯ” аяныг эхлүүлж байна. 80 наслах нь төсөөллөөс эхэлж, эрүүл амьдралын хэв маягийг бүтээснээр биелэх зүйл юм. “Оюу толгой” компани энэхүү аяныг дэмжин “Аав аа, та урт наслаарай” уриатай олон нийтийн мэдээллийн ажлыг хамтран зохион байгуулах юм.
Энэхүү аяны хүрээнд www.familycollege.mn вэбсайт дээр “80 НАСАЛЪЯ” сэдэвт эрчүүдэд зориулсан тусгай хуудас бий болж, эмч мэргэжилтнүүдийн эрчүүдэд тусгайлан зориулсан мэдээлэл нийтлэл тавигдах ба, 11 сарын турш 4 онлайн сургалт үнэ төлбөргүй үзэх эрхтэй тавигдах юм. Мөн сошиал сувгуудаар сонирхолтой контентууд бэлтгэн хүргэх болно.
Энэ аяныг санаачлагчид, зохион байгуулагчдын зүгээс Монгол эрчүүддээ урт наслах төсөөлөлтэй болохыг зөвлөж, урт наслах талаар гэр бүл, найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ ярилцахыг уриалж байна.
Хариулт үлдээнэ үү