Оюу толгойн уурхайн далангийн барилга нь газар зүйн байрлалын хувьд хур тунадас багатай, газар хөдлөлтийн идэвхтэй цэгээс алслагдмал байдаг нь эрсдэлийн түвшнийг бууруулдаг бөгөөд далан барих аргачлалын хувьд гадагш тэлэх аргаар барьж байгаа нь далан задрах эрсдэлийг багасгах юм.
Далан задрах процесс нь далангийн шүүлтүүр бүст ан цав, цуурал үүссэнээр эхэлнэ. Оюу толгойн даланд мэргэжлийн инженер техникийн ажилчид өдөр бүр үзлэг шалгалт хийж ан цав, цуурал үүсэж байгаа эсэхийг хянадаг. Хэрвээ үүссэн тохиолдолд түүнийг байнгын хяналтдаа авч өдөр тутмын хэмжилт хийж, шаардлагатай үед тухайн хэсгийн барилгын ажлыг дахин хийж урьдчилан сэргийлдэг.
Далангийн барилгын ажлын явцад байнгын хяналт мониторингийн ажлыг хийдэг ба ашиглалтад орсноос хойш 400 гаруй хяналтын багажаар 24 цагийн турш хянаж байна. Энэ нь учирч болох олон эрсдэлийг урьдаас тогтоох, илрүүлэх зорилготой ба ингэснээр далан задрах эрсдэлийг хянаж байгаа юм. Хүдрийн хаягдал нь зутан хэлбэрийн усархаг хаягдал байдаг бөгөөд далангийн барилгын харилцан үйлчлэлээр байнгын шүүрэл явагдаж байдаг.
Хэрвээ шүүрэл явагдаж чадахгүй бол ус хуримтлагдан далангийн хананд ирэх даралт ихсэж далан задрах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шүүрлийг хянаагүйгээс үүдэн нэвчсэн усыг байгальд алдах эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс Оюу толгойн далангийн барилгад суурийн нэвчилтийг бууруулах зорилгоор периметрийн дагуу 8-12м гүн бүхий түгжээс хана ухаж, шавраар дүүргэсэн.
Харин шүүрсэн урсцыг байгальд алдахгүй байхаар даланг тойрсон цуглуулах систем буюу шуудуу болон цөөрмүүдийг хийж, цугласан усыг дахин ашигладаг.
Даланд учирч болох өөр нэгэн эрсдэл нь далангийн ашиглалтын явцад үүсэх тоосжилт юм. Их хэмжээний тоосжилт нь хүний эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөг үзүүлж болзошгүй юм. Оюу толгойн уурхай далангийн ашиглалтын тоосжилтыг олон үүрээ сэлгэж хаягдал хаях аргачлалаар гадаргуугийн талбайг байнгын чийгтэй байлгаж тоосжилтыг хянадаг. Далангийн барилгын ашиглалтын хугацаа дуусахад төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийж хаягдлыг хучсанаар цаашид тоосжилт үүсэх эрсдэлээс сэргийлнэ.