Манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа. Тиймээс энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг олон компани бий болжээ. Эдгээрийн нэг бол NCCS компани юм. Тус компани 2008 онд Tokiken нэрээр байгуулагдсан бөгөөд өнөөдөр уул уурхайн барилга байгууламжийн судалгаа, хот, тосгоны дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлт, дизайн, системийн болон инженерийн зураг төсөл, техник технологийн нарийвчилсан судалгаа, барилга байгууламжийн угсралтын ажил дээр гадны компаниудтай хамтран ажиллах зэрэг чиглэлээр ажиллаж байна.
Компанийн ерөнхий менежер П.Батчулуун “Бид Оюу Толгойтой 2012 оноос хамтран ажиллаж байна. Уурхайд инженеринг, техникийн ба зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Инженерийн баг уурхайн талбарт шинээр болон нэмж баригдаж байгаа олон барилга байгууламжийн төлөвлөлт, техникийн зураг, тооцоог хийж байгаа. Уурхай дээр дөрвөн ажилтан 28 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай байдаг” хэмээн ярилаа. Тэрээр бас “Оюу Толгойтой хамтран ажиллаад аюулгүй ажиллагаанаас эхлээд олон зүйлийг сурч, мэдэж байна. Манай инженерүүд зураг төсөв, дизайн гээд олон улсын стандартаас сурах зүйл их бий” гэж хэллээ.
NCCS компани мөн Оюу Толгойд зориулсан материалд сорилт хийж, түүнд техникийн хяналт тавьж байгаа аж. Энд хэрэглэгдэж байгаа төрөл бүрийн цахилгааны кабель, цонх, бетон гэх мэт материалуудыг өөрийн магадлан итгэмжлэгдсэн лабораториудад шинжилж шалгадаг байна. Өнөөдөр гадаадын компаниудад үндэсний норм дүрэм, стандартыг сурталчлан таниулах, зөвлөх шаардлага гарах болжээ. Энэхүү хэрэгцээ шаардлагыг NCCS компани ханган ажиллаж байна. Тус компанийнхан цаашид мэргэшсэн инженерингийн компани болох зорилготой ажиллаж байгаа аж.
Оюу Толгой ХХК ханган нийлүүлэгчдийнхээ үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор шилдэг жижиг нийлүүлэгч, шилдэг дунд нийлүүлэгч, Өмнөговь аймгийн нийлүүлэгч төрлөөр шалгаруулдаг. NCCS компани 2013 оны 12 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.