“Оюу толгой” компанийн 2016-2017 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол 2016 оны 11 дүгээр сарын 30-нд болж, 21 оюутанд дотоод, гадаадын их сургуульд суралцах тэтгэлгийг гардууллаа.
“Оюу толгой” компани болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ)-ны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 2010-2015 оны хооронд 200 дотоодын, 30 олон улсын тэтгэлэг олгосноо 2016-2017 оны тэтгэлгийн хөтөлбөрөөр үргэлжлүүлж байна.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд тэтгэлэгт шинээр шалгарсан оюутнууд, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан суралцагсад, тэдгээрийн эцэг, эхийн төлөөлөл, БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, яам, их дээд сургуулийн удирдлагууд болон “Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Майкл Гавин, Засгийн газар, олон нийттэй харилцах хэлтсийн ерөнхий менежер Л.Оргил нарын албаны хүмүүс оролцов.
Оролцогсдод хандан хэлсэн үгэндээ, БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар “Аливаа улс орны хөгжлийн гол түлхүүр бол хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. ’Оюу толгой’’ компани боловсролын салбарыг дэмжиж, салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулж ирсний нэг жишээ бол тус компанийн тэтгэлэгт хөтөлбөр юм. “Оюу толгой” компанийг цаашид ч боловсролын салбарт анхаарал хандуулж, оюутан залуусыг дэмжин ажиллана гэдэгт найдахын зэрэгцээ БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээв.
“Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Майкл Гавин арга хэмжээний үеэр “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ гэсэн “Оюу толгой” компанийн алсын харааг амьдралд хэрэгжүүлэх гол арга зам нь Монгол хүнийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах явдал юм гэдэгт бид итгэдэг. Энэ нь бидний Монголын төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэх мэргэжилтнийг бэлтгэх хичээл зүтгэлийн нэгэн чухал хэсэг юм.” гэв. Мөн тэрээр “Сонгон шалгаруулалтыг шударга, ил тод явуулахад бид хичээнгүйлэн ажилласныг өнөөдрийн тэтгэлэгт шалгарсан оюутнуудын чансаа тодхон харуулж байна” гэлээ.
2016-2017 оны хичээлийн жилд дотоодын тэтгэлэг авсан 20 оюутнууд Монголын шилдэг их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд 11 нь ШУТИС, дөрөв нь МУИС, үлдсэн тав нь бусад их дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд юм.
2016-2017 оны тэтгэлэгт хөтөлбөр нь БСШУСЯ болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан таван жилийн хугацаатай санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн хөтөлбөрийн үргэлжлэл юм. Уул уурхай болон холбогдох салбарын дотоодын мэргэжилтний дараагийн үеийг бэлтгэхийн зэрэгцээ цаашдын хөгжлийн суурийг тавихад хувь нэмрээ оруулахаар дотоодын тэтгэлэг хөтөлбөрийг үргэлжлүүлсэн. 2010-2015 хооронд хэрэгжсэн таван жилийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 126 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад сургалтын төлбөр, сар тутмын мөнгөн тэтгэмж, дотуур байрны төлбөрийг олгож, “Оюу толгой” компанид дадлага ажил хийхэд дэмжлэг үзүүлэх болон Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт хамруулдаг.
Түүнчлэн “Говийн Оюу Хөгжлийн Сан” говийн оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдаа энэ баасан гарагт тодруулна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.