“Монгол гэр” төсөл нээлтээ хийлээ

“Глобал шейперс Улаанбаатар” нийгэмлэгийн санаачлан хэрэгжүүлж буй “Монгол гэр” төслийн нээлт Чингисийн талбайд өнөөдөр боллоо. Рио Тинто, “Оюу толгой” компани энэхүү төслийг ивээн тэтгэж байгаа юм.

“Монгол гэр” төсөл нь гэр барих тухай хичээлийг сургалтын хөтөлбөрт нэмж оруулснаар өнөөгийн хүүхэд залуус, хот, дүүргийн сургуулийн сурагчдад монголчуудын уламжлалт ёс заншил, амьдрахуйн арга ухааныг хүргэх, өвлүүлэх зорилготой юм.

Нээлтийн ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, “Глобал шейперс Улаанбаатар” нийгэмлэгийн зохицуулагч З.Энхмөнх нар оролцлоо.

Эндрью Вүдлэй хэлэхдээ“Монгол гэр” төсөл нь монголчуудын эртний нүүдэлчин соёл уламжлал, зан заншлыг орчин үеийн залууст хүргэх чухал санаачилга юм. Энэ төслөөр дамжуулан хүүхэд залууст түүхэн уламжлалыг заахын зэрэгцээ хүндлэл, хамтын ажиллагаа зэрэг үнэт зүйлсийн ач холбогдлыг тод томруун харуулж чадна. Хөгжин дэвжихийн тулд өнгөрснөөсөө суралцах ёстой. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр бид монголчуудын өв соёл, баялаг түүхээс суралцан эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээлцэнэ гэж итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Рио Тинто, “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Техник, технологийн дээд сургуулийн оюутнууд 60 гэр үйлдвэрлэж, Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулиудад хүргүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр сурагчид Монгол гэрийг хичээл дээрээ барьж сурах боломж бүрдэх юм.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Шинэ гэрийн найр” театрчилсан тоглолтоо төслийн нээлтийн үеэр толилуулав. Мөн гэр барих тэмцээн зохиосон нь гэр барих арга уламжлалаар дамжуулан хүүхэд залууст багаар хамтран ажиллахын ач холбогдлыг мэдрүүлсэн чухал үйл явдал боллоо.

2015 оны эхнээс өнөөдрийг хүртэл Оюу толгой компани Монгол Улсад татвар, хураамж, болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийтдээ 78.5 сая ам.доллар төлөөд байна. (Үүнд 20 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг оруулж тооцсон болно.)