УИХ-ын эрхэм гишүүд, сайд нар аа, Өмнөговь аймгийн удирдлага, Оюу Толгой компанийн хувь
нийлүүлэгчдийн төлөөлөгчид, бэлтгэн нийлүүлэгч компаниуд, хүндэт зочид оо, олон зуун ханган
нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэж байгаа энэ өдрийн түмэн амгаланг айлтган
мэндчилье. Шагнал авсан, шагналд нэр дэвшүүлсэн компани бүрт баяр хүргэе. Юуны өмнө, бид
ханган нийлүүлэгч компани бүрийнхээ ажлыг үнэлж явдаг гэдгийг хэлмээр байна.
Хангамж, худалдан авалт болон Оюу Толгойн бэлтгэн нийлүүлэгчдийн сүлжээ бий болгох ажил нь
манай компанийн амжилтад нэн чухал ач холбогдолтой. Миний бие өнгөрсөн жил Оюу Толгойд
ирснээс, аюулгүй бөгөөд тогтвортой үндэсний ханган нийлүүлэгчдийн сүлжээ бий болгоход гарсан
ахиц дэвшлээр маш их бахархаж байна. Энэ онд нийт худалдан авалтын 50 гаруй хувийг Монгол
компаниудад зарцуулах манай зорилго нэлээд ахицтай байна.
Гэхдээ бидэнд чамгүй их хийх ажил байна. Оюу Толгойд жижиг ч бай, том ч бай аливаа
бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах шаардлага гарах болгонд бид эхлээд нэг л зүйлийг
асуудаг: “Үүнийг Монголоос авч болох уу” гэж. Хэрэв хариулт нь “тийм” бол дахиад л нэг асуулт
асуудаг. Тэр нь “Үүнийг Өмнөговь аймгаас авах боломжтой юу”? Энэ бол манайд үйлчилдэг
худалдан авалтын зарчим.
Монголын улстөр, бизнесийн хүрээнийхэн бүгд Монголдоо үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх
ёстой гэдэгт санал нийлдэг. Монголд үйлдвэрлэлийн чадавхи бүрдүүлснээр улс орны хэтийн
хөгжил, амжилтын үндэс суурь болно. Ханган нийлүүлэгч та бүгдийн ахиц дэвшил нь бид хамтдаа
юуг хийж, юуг бүтээж чадахыг тодоос тод харуулж байна. Та бүгдийн зүгээс чадавхиа нэмэгдүүлэн,
ажлын стандартаа улам дээшлүүлж ирсний үр дүнд бид улс даяар компаниудын чадавхийг
дээшлүүж, нийт эдийн засгийн хэмжээнд асар их нөлөө үзүүлж эхэллээ.
Монгол Улсыг төлөөлөн дэлхийн хэмжээний орд газрыг ашиглалтад оруулж, барилга бүтээн
байгуулалтын үе шатыг амжилттай дуусгасан Оюу Толгой компани одоо үйлдвэрлэл жигдэрсэн,
дэлхийн түвшний бизнесийн байгууллагыг төлөвшүүлж байна. Үйлдвэрлэлийн үе шатанд
бизнесийн шаардлага өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж байгааг та бүхэн анзаарч буй биз ээ.
Бид өнөөдөр Оюу Толгойг осол авааргүй, тогтвортой үйл ажиллагаатай, үр ашигтай бизнесийн
байгууллага болгоход анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ шилжилт нь зарим том
өөрчлөлтийг дагуулж байна.
Амжилтад хүрэхийн тулд бид үр ашгийг нэмэгдүүлж, зардал багатай ажиллах хэрэгтэй юм.
Оюу Толгой ХХК-ийн ажилтан бүр компанийн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа
хэдий ч ханган нийлүүлэгч та бүхний оролцоогүйгээр энэ амжилтад хүрэх боломжгүй. Тиймээс
ханган нийлүүлэгчид дор дороо үр ашгийг дээшлүүлж, Оюу Толгойд хувь нэмрээ оруулж, бидний
ажлыг дэмжих нь тун чухал юм.
Ойрын ирээдүйд манай ханган нийлүүлэгчид хамгийн бага зардлаар бараа бүтээгдэхүүнээ
нийлүүлэхэд анхаарч үр ашгийг дээшлүүлэх манай зорилтыг хамтдаа хэрэгжүүлж чадна гэдэгт
итгэлтэй байна.
Оюу Толгойд аюулгүй ажиллагаа хамгаас чухал байдгийг манай ханган нийлүүлэгчид маш сайн
мэднэ. Өдөр тутмын үйл ажиллагаандаа амин чухал хэрэгтэй аюулгүй ажиллагаанд өндөр ач
холбогдол өгч ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд энэ бол
заавал биелүүлэх ёстой шаардлага. Оюу Толгойтой ажиллах хүсэлтэй бол манай ханган
нийлүүлэгчид ажилчидаа осол авааргүй ажиллах нөхцлөөр хангах, аюулгүй байдлыг дээд зэргээр
хангах бидний шаардлагыг бүрэн хэрэгжүүлдэг байх ёстой.
2014 бол Оюу Толгойн ажиллагсад, ханган нийлүүлэгчид, ер нь Оюу Толгойтой холбоотой бүх
талуудын хувьд сорилт ихтэй жил байхаар байна. Гэсэн хэдий ч энэ замыг бид хамтдаа тойрч биш,
туулж гарна. Оюу Толгойд хувь нэмрээ оруулдаг олон зуун компаниудынхаа хичээл зүтгэл,
мэргэжлийн ур чадваргүйгээр бид эдгээр саад бэрхшээл, сорилтуудыг даван туулахад тун бэрх.
Оюу Толгой бол маш олон жил үргэлжлэх төсөл, иймд бидэнтэй хамт ийм олон компани амжилтад
хүрч байгааг харахад маш баяртай байна. Шагнал хүртсэн, шагналд нэр дэвшүүлсэн компани, та
бүхэнд дахин баяр хүргэе. Та бүхний бахархууштай ажил үйлсэд гүнээ талархаж байна.