– 13 мянган загийн суулгац тариалжээ –
Монгол Улс, Өмнөговь – Оюу Толгой компанийнхан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гүний хоолойд ирэх 8 дугаар сарын дундаас эхлэн хоёр сарын хугацаанд загийн бортоготой суулгацын гурав дахь тариалалтаа хийхээр төлөвлөжээ. Заган ойн нөхөн сэргээлтийн эхний шатанд 2013 оны намар Гүний хоолойн 6.34 га талбайд 10,677 ширхэг бортоготой тарьц суулгажээ. Эдгээр тарьц өвлийг өнөтэй давж, 80 орчим хувийн ургалттай байсан аж. Тиймээс өнгөрсөн хавар ноднингийн талбайдаа 2,170 ширхэг заг нөхөн, 2,860 ширхэгийг нэмж тарьсан байна.
Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Ургамлын судалгааны багийн ахлах ажилтан Б.Алтанцэцэг “Загийн үрсэлгээ бэлтгэх, тарих, арчлах ажил хугацаа их шаардана. Эхлээд загийн үрийг байгалиас түүж, цуглуулан замбага болон бусад хог хольцоос нь цэвэрлэж, хатаадаг. Тарих бортогоо өвлийн улиралдаа амжуулан бэлтгэдэг. Эдгээр ажлыг 11 дүгээр сарын дундаас эхлэн 2 дугаар сар гэхэд бэлэн болгоно. Ингээд 4-5 сард ил талбайд бортогоо байршуулж, үрээр тарьж эхлэн, хоёр зун, нэг өвлийг өнгөрөөгөөд бортогоноос нь гарган шилжүүлэн тарьж байна” гэлээ.
Нөхөн сэргээлт хийхдээ тухайн газрын гадарга болон ургамлын бүрхэвч, түүнд түшиглэсэн экосистемийг унаган төрхөнд нь аль болох ойртуулах зорилгоор ийнхүү заг тариалж байгаа юм. Загийн ой нь элс тогтоож, тухайн орчиндоо бусад ургамал ургах нөхцөл болдог төдийгүй мал сүрэг, зэрлэг амьтдын идээшлэх, амьдрах таатай орчин бүрдүүлдэг.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн
Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.