ХДС-ийн Гүйцэтгэх захирал

– Эрдэнэтийн уурхай Монгол Улсын эдийн засгийг олон арван жил чирч явсан шиг Оюу Толгой манай улсын хөгжилд олон өөрчлөлтийг авчирна гэдэгт бүрэн итгэдэг –

Бүтэн арван жил Оюу Толгойд ажиллажээ. Анх ирсэн үеийнхээ түүхээс дурсвал?
Тиймээ, би Оюу Толгойд арван жил ажиллаж байна. Анх 2003 онд геотехникийн хэлтэс үүсгэн байгуулагдаж арав гаруй залуу шинээр ирж байлаа. Миний хувьд дадлагажигч оюутнаас ажлын гараагаа эхэлсэн. Цөөхөн хэдэн гэр л угтсан даа. Бид дөчин гурав, дөчин дөрөв дэх гэрт төвхнөж орсон хүмүүс. Манай кэмп үндэсний суваг үздэг нэг, кабелийн нэг зурагттай л байсан. Ганц зурагт дээрээ овоороод л. Гэтэл өнөөдөр гэр болгон халуун устай, LCD зурагттай, интэрнэттэй гээд хүний ая тухыг бүрэн хангасан хотхонтой болчихлоо. Тэр үед Сүхээ гэдэг хайгуулын ангийн аж ахуйн дарга ах байсан юм. Тэр хүн бидэнд арван жилийн дараа энд хүний хэрэгцээг бүрэн хангасан уурхайн тохилог хотхон боссон байна гээд л ярьдаг байж билээ.

Арван жилийн дотор дөчин гэр маань дэлхийд томд тооцогдох уурхайн хотхон болчихлоо. Харин нөгөө дадлагажигч оюутан маань?
Оюу Толгой миний амьдралтай салшгүй холбоотой. Энэ хугацаанд дадлагажигч оюутнаас геотехникч, геотехникийн инженер, геотехникийн супервайзор, одоо геотехникийн ахлах инженерээр ажиллаж байна.

Оюу Толгойд ажиллахын давуу тал юу вэ?
Мэдээж дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологийг эзэмшин, олон улсын шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллана гэдэг геотехникч хүний хувьд маш том боломж, давуу тал. Бас Оюу Толгой хүн бүрт ажил мэргэжилдээ өсч дэвжих тэгш боломж олгодог. Би дадлагажигч оюутнаас ажлын гараагаа эхэлж байсан шиг туслах ажилтан байсан залуу уурхайн удирдлагын түвшний алба хаших болсон, үйлчилгээнд ажиллаж байсан охин офисын ажилтан болсон жишээ олон. Хамгийн гол нь хүмүүс эндээс ажлын зөв дадал хэвшилтэй болж, ажилдаа хариуцлагатай хандахад суралцдаг.

Геотехник уул уурхайд хэр чухал үүрэгтэй вэ?
Дэлхийн уул уурхайн том сургуулиуд геотехникийн тэнхэмтэй байдаг. Манайд бол хуучин ЗХУ-д төгссөн мэргэжилтнүүдийг эс тооцвол уурхайн геотехникч бэлтгэгдээгүй гэж хэлж болно. Барилга, замын хөрс судлалын чиглэлээр бэлтгэдэг. Гэхдээ эдгээр нь хоорондоо эрс ялгаатай. Уг нь геотехник бол уул уурхайд маш чухал. Геотехникийн судалгаагаар чулуулгын физик механикийн шинж чанар болон тогтворжилтыг тодорхойлдог. Үүний үндсэн дээр ил уурхайд ханын тогтвортой байдал, далд уурхайд бэхэлгээний дизайн тооцоолж гаргадаг. Манай ордын хүдрийн 80 хувийг далд уурхайгаас агуйлан нураах аргаар олборлоно. Тэгвэл тухайн чулуулгийг агуйлан нурааж болох эсэхийг геотехникийн судалгаагаар тооцоолж гаргадаг жишээтэй. Мөн уурхайн малталтын үйл ажиллагааны явцад хийж буй бэхэлгээндээ чанарын хяналт тогтмол тавьж, ил уурхайн хана болон далд уурхайн малталтын ханын хөдөлгөөнд байнга мониторинг хийж байх ёстой. Геотехникийн судалгаа хийгдээгүй уурхайд хүн амь насаа алдах, машин техникээ эвдэхээс эхлээд уурхай нь өөрөө ашиггүй, асар их хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй. Тиймээс хөгжингүй орнуудад уул уурхайн компани хувьцаа гаргахад хөрөнгийн бирж нь геотехникийн судалгаа хийсэн байхыг шаарддаг. Үүнээс гадна геотехникийн олон стандартыг дагаж мөрдөнө. Налайхын уурхайд гэхэд сүүлийн гурван жилд 50 гаруй хүн дарагдаж нас барсан тоо баримт бий. Бүртгэгдээгүй хэчнээн тохиолдол байгааг мэдэхгүй. Гадаадад ч ийм осол олон тохиолддогийг бид мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан харж байгаа. Тэр бүрт геотехникийн асуудал хөндөгдөж байдаг. Ингээд бодохоор геотехник уул уурхайн амин сүнс байгаа биз.

Гарцаагүй чухал юм байна аа. Оюу Толгойд геотехникийг хэр чухалчлан үздэг вэ?
Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу хайгуулын шатны үеэс л геотехникийн судалгааг эхлүүлсэн. Монголд ганцхан Оюу Толгойд ил уурхайн геотехникийн бүхэл бүтэн баг ажиллаж байна. Гэхдээ нэмэлт геологи хайгуулын ажил хийхдээ геотехникийн судалгааг урьдын адил хийсээр байгаа. Түүнчлэн манай геофизикийн баг сүүлийн үеийн геофизикийн тоног төхөөрөмжөөр өрмийн цооногт хэмжилт хийж байгаа нь геотехникийн судалгаа болон өөр олон талын ач холбогдолтой. Нэмж хэлэхэд би энд ажилладгаараа бахархдаг гол шалтгаан нь Оюутолгойд геотехникийг маш чухалд тооцдог явдал.

Хамт ажиллаж байсан хүмүүсээс чинь гадаадад мэргэжлээрээ ажиллаж буй жишээ олон уу?
Нэлээн хэдэн өрмийн мастер Австрали, Өмнөд Африк, Казакстан зэрэг оронд ажиллаж байгааг мэднэ. Ер нь иймэрхүү жишээ олон.

Анх хамт ирсэн арван залуу одоо ч хамт ажиллаж байгаа юу?
Цөөхөн нь үлдсэн. Зарим нь өөр хэлтэст шилжээд ажиллаж байгаа.

Ажил мэргэжлийн хувьд энэ арван жилд дадлагажигч оюутнаас ахлах мэргэжилтэн болтлоо өсчээ. Анх яаж Оюу Толгойд орсон бэ? Англи хэлнээс эхлээд маш өндөр шалгууртай гэдэг?
Одоо өндөр шалгууртай болсон. Арван жилийн өмнө бол ажлаа сайн хийж байна, чамайг үндсэн ажилтан болголоо, гэрээгээ сунгалаа гээд л явчихсан даа. Англи хэлний хувьд хамт ажилладаг мэргэжилтнүүдтэйгээ хэл амаа ололцдог байх чухал л даа. Гэхдээ манай компани шинээр ажилтан авахдаа тухайн хүний туршлагыг орхигдуулдаггүй юм шиг санагддаг.

Уурхайн хотхонд 28 хоног ажиллахад гэрээ их санадаг уу?
Санана аа. Энэ арван жил надад ажил мэргэжлийн хувьд төдийгүй хувийн амьдралд маань ч олон өөрчлөлтийг авчирсан. Анх оюутны ширээнээс ирчихээд байхдаа ардаа санаа зовох зүйлгүй ажилладаг байлаа. Харин одоо гэр бүлдээ санаа зовж, санадаг болсон доо. Амралтаараа гэртээ хариад цагийг аль болох гэр бүлдээ зориулахыг хичээдэг.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Заримдаа спортоор хичээллэнэ. Бас кино үзнэ. Ер нь кино л их үзнэ дээ.

Ойрын ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ. Одоо сайн мэргэжилтэн болчихсон юм чинь өөр илүү сонирхолтой газар ажиллах бодол төрдөггүй гэж үү?
Мэдээж, мэргэжилтнийхээ хувьд ирээдүйдээ итгэлтэй байдаг. Ойрын ирээдүйд гэвэл Оюу Толгойдоо ажиллаж далд уурхайн бүтээн байгуулалт дахин өрнөж эхлэхийг харахыг хүсч байна. Эрдэнэтийн уурхай Монгол Улсын эдийн засгийг олон арван жил чирч явсан шиг Оюу Толгой манай улсын хөгжилд олон өөрчлөлтийг авчирна гэдэгт бүрэн итгэдэг.