Бидний ажлын арга барил

– Оюу Толгойн 50 ажилтан баяр наадмын нээлтийн ёслолд оролцлоо –

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компанийг төлөөлж 50 ажилтан Тулгар төрийн 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, ард түмэн, наадамчин олонтойгоо мэндчилэн наадмын зүлэг ногоон дэвжээг нар зөв тойрон жагсаж наадлаа.

Монголчууд бид төрт ёсоо дээдлэн дэлгэр зуны наран дор дэнж хотойтол сайхан наадлаа. Жил жилийн наадмын нээлтийн ёслол сонин содон, шинэлэг шийдлүүдээр дүүрэн байж наадамчин олны мэлмийг баясган, сэтгэлийг хөгжөөдөг уламжлалтай. Энэ жилийн нээлтийн ёслолын онцлогуудын нэг нь Монгол Улсынхаа хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн баялаг бүтээгч шилдэг 25 компанийг баярын жагсаалд оролцуулсан явдал юм. Баяжмалаа олон улсын зах зээлд нийлүүлж эхэлснээс хойш бүтэн нэг жилийн ойтойгоо золгосон Оюу Толгой компани Монголын шилдэг 25 компанийн нэгээр тодрон Оюу Толгойчууд бид наадмын парадын магнайд жигдрэн жагссан нь энэ.

“Айзам төгөлдөр монгол аялгуу дор хамт олонтойгоо наадмын парадад оролцлоо. Үндэсний хувцсаараа гоёж нүүрэнд нь баяр хөөр гэрэлтсэн үзэгч олны өмнүүр Монгол Улсынхаа төрийн далбааг хийсгэн, алхан өнгөрөхүй хүмүүс гар даллан баяр хүргэж байсаан” хэмээн наадмын парадад оролцсон Ил уурхайн оператор Ц.Бүрэнхишиг наадмын сониноосоо дэлгэлээ.

Оюу Толгойг төлөөлж наадмын парадад оролцсон Оюу Толгой ХХК-д Авьяас ур чадварын удирдлага хариуцсан Канад Улсын иргэн Памела Петтэн “Энэхүү түүхэн ач холбогдолтой Монголын уламжлалт баярын ёслолд оролцсон нь миний хувьд маш том хүндэтгэл байна. Монгол улсад хоёр жил хагасын өмнө ирсэн боловч наадмын баяр ёслолд анх удаа орж байна. Монголд ирснээс хойш хамгийн мартагдашгүй агшин энэ байлаа”

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн
Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.