Газрын тогтвортой менежментийн бодлогын хүрээнд Монгол Улсын холбогдох хууль, стандартын шаардлагуудын дагуу уурхайн хаалтын, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнүүд боловсруулаад байгаа бөгөөд үүнд газрын эвдрэл бага байлгахаар тусгасан.
Газар хөндөх менежмент
Газрын эвдрэлийг хамгийн бага хэмжээнд хязгаарлахын тулд газар хөндөх аливаа үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө тухайн ажлын талбайд байгаль орчны шалгалт хийж, дүгнэлт гаргасан байх шаардлага тавьдаг. Энэ дүгнэлтэд заасан хамгаалах арга хэмжээнүүдийг гүйцэтгэсний дараа газар хөндөх ажил гүйцэтгэх зөвшөөрлийг баталдаг.
Ингэснээр ус, биологийн олон янз байдал, нутгийн ард иргэд, соёлын өв зэрэг олон асуудалд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөг арилгаж, бууруулахын зэрэгцээ байгаль орчны болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг. Энэ журам “Оюу толгой” компаниас санхүүжүүлдэг төслүүдэд ч хамаарна.
Өнгөн хөрсний менежмент
Дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны явцад хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх ургамлын бүрхэвч, биологийн төрөл зүйлийг эргүүлэн тогтооход хамгийн чухал зүйл бол “Оюу толгой” компанийн өнгөн хөрсний менежментийн төлөвлөгөө юм.
Аливаа газар хөндөх ажлыг эхлүүлэхийн өмнө шимт хөрсийг ажлаа дууссаны дараа тухайн газрын нөхөн сэргээлтэд эргүүлээд ашиглахаар зохих журмын дагуу хуулж, хадгалдаг.
Нөхөн сэргээлтийн ажил
Төслийн эрэл хайгуул, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг төслийн үйл ажиллагааны явцад, мөн дараа нь нөхөн сэргээхийн зэрэгцээ төслийн барилгын ажлын эхэн үеэс уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Нөхөн сэргээлтийн ажлын үндсэн зорилгуудын нэг нь хөндөгдсөн талбайг хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгоход оршино. Хөндсөн газрыг аюулгүй болгохдоо техникийн нөхөн сэргээлтийг стандартын өндөр түвшинд гүйцэтгэх хэрэгтэй. Компанийн мэргэжлийн баг нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавихаар гүйцэтгэгч нартай хамтран ажилладаг.
Нөхөн сэргээлтийн ажлыг тууштай, тасралтгүй хийснээр төслийн хаалтын дараах аюул ослын эрсдэлийг бууруулж байгаа юм. Хамгийн гол нь олон жилийн турш хийсэн нөхөн сэргээлтийн ажлын тэргүүн туршлагад тулгуурласан шинэ арга барил, технологийг тухайн үед ашиглах болно.