Агаар

Агаарын чанарын менежмент
Орон нутгийн агаарын чанарыг дээд хэмжээнд байлгах үүднээс үйл ажиллагаанаас үүдэх тоос, хүлэмжийн хий, дуу чимээ, доргилт зэргийг хянах үүрэг хүлээдэг.

Тоосжилтыг хянах, бууруулах
Говь нутагт шороон шуурга олонтоо тохиолддог. Бид тэсэлгээ, ачилт, буулгалт, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зэргээр манай үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй тоосжилтын түвшнийг бууруулах арга хэмжээ авч байна.

Бид уурхай дотор, гадна талд нийт 33 хяналтын цэг тогтоож, тоосжилтын түвшнийг тогтмол хянаж, агаарын чанарын стандартын шаардлага хангаж буйд хяналт тавин ажилладаг.

Хүлэмжийн хийн менежмент
“Оюу толгой” дахь авто тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, цахилгаан үүсгүүрүүд, уурын зуух зэрэг нь агаарт хүлэмжийн хий ялгаруулах эх үүсвэрүүд болох тул нийт 40 хяналтын цэгт агаарын чанарын хяналт, шинжилгээ тогтмол хийж, дээрх ялгарал нь агаарын чанарын үндэсний стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьдаг.

Дуу чимээ, доргилтыг бууруулах нь
Дуу чимээ, доргилтын болзошгүй эх үүсвэрүүд нь нисэх буудал, өрөмдлөг, тэсэлгээ, уурхайн үйл ажиллагаа, хүнд машин механизмын хөдөлгөөн бөгөөд эдгээрээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөг бууруулахаар зорьж ажилладаг.

Бид эдгээр нөлөөг бууруулахын тулд төрөл бүрийн инженерийн, үйл ажиллагааны хяналтын арга хэрэгсэл авч хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Худалдан авах ажиллагааны явцад дуу чимээ хянах техникийн тодорхойлолтыг тусгах;
  • Тоног төхөөрөмжийнхөө дуу чимээний тохиргоог хийх;
  • Дуу чимээний тархалтыг багасгахын тулд төслийн талбайн байршлыг тохируулах;
  • Тоног төхөөрөмжийн ашиглалт, ажиллах цагийг зохицуулах менежментийн шинэ журам нэвтрүүлэх;
  • Дуу чимээг өдөр/шөнийн өөр өөр цагуудад тогтмол хянаж шалгах